Wednesday, December 29, 2010

Hallym University

Хамгийн шилдэг нь?
     Монголын телевизийн сувгуудаар БНСУ-ны хамгийн шилдэг сургууль Халлим Их Сургууль гэсэн суртачилгаа явагдаж буйг сонссон юм. Гайхсан би гадаад оюутнуудыг хариуцсан даргаасаа асуутал "Мэдээж хамгийн сайн сургууль нь биш л дээ. Гэхдээ хамгийн шилдэг нь болохоор тэмүүлж буй" гэж билээ. Чүнчонд байрлах энэхүү хувийн жижиг их сургууль өөртөө хэт ахдах зорилт тавьсан гэмээр. Гэвч тус сургууль байгуулагдсанаасаа хойш 25 гаруй жилийн дотор БНСУ-ын их сургуулиудын эхний 10%-д багтаж орсон бахдам амжилт гаргажээ.

Толгод дээр Халлимийн бэлгэ тэмдэг (2009)

Анагаах Ухаан
       Халлим Их Сургууль анх Анагаах Ухааны чиглэлээр сууриа тавьсан тул одоо ч Халлимийн Анагаах Ухааны Сургууль хамгийн өрсөлдөх чадвар сайтай. Дээр нь Халлим дотроо хамгийн авьяас чадвартай оюутнууд нь Анагаах Ухааны Сургуулийнх.
     БНСУ-д Солонгосын ахлах сургуулийн оюутнууд их сургуульд элсэх шалгалт орон даяараа өгдөг. Энэ шалгалтанд авсан оноогоороо оюутнууд байр эзэлж дугаарлагдана. Энгийнээр хэлбэл, өндөр оноо авах тусам өөрийнхөө орохыг хүссэн сургуульдаа орж чадна гэсэн үг. Нийт оюутнуудаас хамгийн өндөр оноо авсан эхний 80-д оюутнууд Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны сургуульд ордог аж. Мэргэжлээсээ шалтгаалаад оюутнууд өөр өөр шалгалт өгдөг ч Анагаах Ухааны чиглэл нь хамгийн хүнд гэж тооцогддог тул Анагаах Ухааны Сургуульд орно гэдэг нэр төрийн хэрэг.
     Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийг БНСУ-ын Харвард Их Сургуулийн Анагаах Ухааны Их Сургууль гэж болох тийм өндөр нэр хүндтэй. Эмч болох хүсэлтэй оюутнууд мэдээж бүгд Сөүлд орж чадахгүй тул үлдсэн оюутнуудад удаах сургуулиудыг болох Корей Их Сургууль, Ёнсэй Их Сургуулиудад сонгодог аж. Дээгүүр жагссан оюутнууд нэр хүндээр илүү сургуульд орсоор 700-800 хавьд жагссан оюутнууд нэг юм Халлимийн Анагаах Ухааны Сургуульд орж эхэлдэг аж.
      Танил маань уг нь Халлимийн Бизнесийн сургуулийг төгсөж буй юм. Гэхдээ мань хүн ахлах сургуулиа БНСУ-ын нэр хүндтэй гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Дэүон ахлах сургуулийг (대원고) төгссөн хэдий ч Халлимд сурахаас өөр аргагүй болсон гэнэ. Эцэг эх нь найз нартай "Манай хүү Халлим Их Сургуульд орсон" гэхэд найз нар нь дандаа "Халлимийн Анагаах Ухааны Сургуульд ороо юу" гэж хариулдаг гэнэ лээ. :Р

Халлим Эмнэлэг
      Халлимийн Их Сургуулийн Анагаах Ухааны Сургууль нь хүчтэй байдгийн нэг шалтгаан нь Халлим Эмнэлэгт орж ажиллах боломжтой байдаг юм. Өөрөөр хэлбэл, ажлын байр нь ерөнхийдөө бэлэн байдаг тул амьдрал нь илүү баталгаатай. Гэхдээ Халлим Их Сургууль нь Халлим Эмнэлгийг эзэмшдэг бус, Халлим Их Сургууль, Халлим Эмнэлэг хоёулаа Илсун (일송) группийн удирдлаганд байдаг бөлгөө. Тэгэхээр Халлим Их Сургууль, Халлим Эмнэлгийг эгч дүүс гэж хэлэхэд ч буруудахгүй болов уу. Яел (Yale) төгссөн багш маань Яел төгсөгчдийн уулзалтан дээр очоод Илсун группийн захирлын зөвлөлийн гишүүнтэй танилцсан гэж ярьж билээ. ^^

Халлим Их Сургуулийн Эмнэлэг (2009)

Англи хэл
       Англи хэлний чадварыг ажилд авах шалгуурын нэг болгодог тул Солонгосчууд ер нь Англи хэл сурахын тулд үйлээ үзнэ. Ялангуяа, ажилд ороход TOEIC шалгалтын оноог чухалчилж үздэг болохоор Англи хэлийг сайтар эзэмшихээсээ илүүтэйгээр шалгалтанд өндөр оноо авахын тулд хамаг зав цагаа барна. Сүүлийн үед эцэг эхчүүл хүүхдээ бага дээр нь Анлиар ярьдаг орнуудад бага сургууль эсвэл дунд сургуульд явуулж Англи хэлийг эзэмшүүлдэг болсон. Багадаа Англи хэлийг эх нутагт сурсан хүүхдүүд эргэж ирээд Солонгост Англи хэл сурсан хүүхдүүдээс илүү гарах нь тодорхой. Зарим нь Солонгост буцаж ирээд их сургуульдаа Англи хэл дээрх хөтөлбөрт ордог тул Солонгос хэл нь сайн биш оюутнууд ч байдаг. Мэдээж тухайн хүүхдүүд Солонгосоор ярьж ойлгодог хэдий ч бичгийн Солонгос хэл, албаны Солонгос хэл мэддэггүй гэсэн үг.

Халлимийн Англи хэлний сургалт  
      Их сургуулиудад ч оюутнуудынхаа Англи хэлний чадварыг дээшлүүлэх үүднээс төрөл бүрийн хөтөлбөр санал болгодог юм. Халлимийн хувьд Англи хэлний хичээлүүдээс гадна Халлимийн Олон Улсын Дотуур Байр (HID) гэдэг хөтөлбөр байдаг. HID нь Англи хэл, Хятад хэл, Япон хэл, Орос хэлний хэсэгтэй бөгөөд оюутан нь аль нэгэн хэлний тасагт амьдрах хүсэлт гаргана. Түүний дараагаар хүсэлт гаргасан оюутнуудаас ярилцлага авч HID-д орох оюутнуудыг сонгон авах аж. Англи хэлний тасагт амьдрах болсон оюутнууд HID Англи хэлний хичээл сонсож, багаар ажиллан олон янзын асуудал Англиар хэлэлцэнэ. HID-д амьдрах болсон оюутнууд гадаад хэлээр ярих ёстой авч Солонгос оюутнууд хоорондоо Солонгосоор голдуу ярьцгаадаг билээ. Харин солилцоогоор ирсэн гадаад оюутан байх тул тэр оюутнуудтай гадаад хэлээр харилцдаг ч гадаад оюутан заримдаа хүрэлцэхгүй тохиолдол байна. Оюутнууд эхэндээ гадаад хэл сурах зорилготой HID-д орж ирэх авч улирлын явцад яаж тухайн хичээлд яаж унахгүй  тэнцэх вэ гэсэн тэмцэл болж хувирдаг билээ. ккккк Даалгавруудыг хэл суръяа гэж бус багшийн нүдийг хуурах байдалтайгаар хийж мэргэжлийн хичээлээ илүү анхаарч, нөгөө л TOEIC-доо санаа зовно.

Англи хэл дээрх хичээл
     Англи хэл дээрх хичээл гэдэг нь амьхандаа хичээл нь Анлиар заагдахыг хэлж байгаа. Энгийндээ, багш лекцээ Англиар уншиж, даалгавар, шалгалт нь ч бас Англи хэлээр байхын нэр юм. Сүүлийн үед бүх том сургуулиудад Солонгос хэлээр хичээл орохын хажуугаар Англи хэл дээрх хичээл санал болгох нь ихсэж буй билээ. Өнөөгийн байдлаар БНСУ-ын төрөлтийн түвшин дэлхийд хамгийн бага байгаагаас гадна БНСУ маань Японы ниймгийн хөгшрөлтөөс илүү хурдтайгаар хөгширч байгаа болно. Тиймээс арав хорин жилийн дотор энэ олон зуун их сургуулиуд эзэнгүйтэх аюултай байдалд байгаа хэрэг. Үүнийг давж гарахын тулд Сингапурын жишээг даган их сургуулиуд гадаадын орнуудаас оюутан татаж, боловсролын төв болох сонирхол өндөр байгаа. Халлим ч юугаараа дутах билээ, ихэнхи танхимууд нь Англи хэл дээрх хичээлүүд олгож эхэлсэн болно. Мөн дан Англи хэлээр хичээл нь ордог тэнхим хүртэл бий болоод удаагүй байна. Англи хэл дээр орж буй хичээлүүдийн чанар өндөр биш хэдий ч яваандаа сайжрах байлгүй дээ. :о

Анхааруулга: Миний бичлэг "biased assumptions, personal opinion, hearsay" гаар дүүрэн тул үнэн эсэхийг баталж чадахгүй болно.

Sunday, December 26, 2010

My Lovely Chuncheon

Жирийн Хот
     Чүнчон хот нь БНСУ-ын эгэл жирийн хот бөлгөө. Магадгүй та бүхэн эгэл жирийн гэж юм байхгүй бүгд ямар нэгэн өөрийн гэсэн онцлогтой гэж бодож байгаа ч үнэндээ тэр онцлох зүйл нь бусадтай харьцуулбал тийм ч гайхуулахаар эд биш л дээ.

Чүнчон (2008 он)

Чүнчон Интернэтэд...
     Танил маань Чүнчон хотод ирэхээсээ өмнө Англи хэлээр Чүнчон хотын талаар мэдээлэл хайгаад сайн олоогүй гэж байсан юм. Интернэт дээрх мэдээллийн ихэнхи хувь Англиар байдаг гээд бодоход Монгол хэлээр уг хотын талаар мэдээлэл олох бүр үлгэр биз. Тиймээс энэхүү интернэт хэмээгч агуу их мэдээллийн баазад өөрийн энэ хотод амьдарч ирсэн туршлага, сонссон зүйлээрээ жоохон ч гэсэн хувь нэмэр оруулахаар шийдэв. Гэхдээ миний бичлэг "biased assumptions, personal opinion, hearsay" гаар дүүрэн тул үнэн эсэхийг баталж чадахгүй болно.  ㅋㅋㅋ

Хаврын Гол
     Чүнчон хот Солонгосоор 춘천 гэж бичиж, ханз нь 春川 билээ. Ханзийг нь үгчилж орчуулах аваас Хавар, Гол бөгөөд хар ухаанаар бодвол Хаврын Гол Хот гэж хэлж болох байлгүй дээ. Эндхийн нутгийн иргэд Чүнчонийг Солонгостоо зундаа хамгийн их халдаг, өвөлдөө хамгийн их хүйтэрдэг газар гэж ярьдаг. Тиймээс Чүнчоний иргэд Солонгостоо хамгийн биеийн эсэргүүцэл сайтай, халуун хүйтний ялгааг тэсэх чадвартай гэж хошигноцгоодог. Нарийн статистикийг мэдэхгүй ч өвөл Сөүл явчихаад ирэхэд манай Чүнчон нилээн хүйтэн юм шиг л санагддаг шүү. lol

Хан Мөрөн (2008 он)

Аймгийн Төв
     Чүнчон нь Гангвон аймгийн төв юм. Хүн ам нь 300,000 давахгүй болохоор их сэлүүхэн. Ер нь Сөүлийг Улаанбаатар гээд төсөөлбөл Чүнчон нь Архангай аймгийн төв гэж хэлж болно. Сөүлийнхэн Сөүлээс гадагш бол дандаа хөдөө гэж ярьдаг ч ингэж хэлснээрээ Сөүлийнхэн хэт дэгсдүүлж байгаа хэрэг биш. Сөүл 10 сая гаран хүнтэйгээс гадна олон талт байдал (diversity) нэвтэрч буй. Өнөөгийн Англиар "Metropolitan" буюу Их хот юм. Нуулгүй хэлэхэд, Чүнчонд байж байгаад Сөүл орохоор олон хүний хөл хөдөлгөөн, дуу чимээнээс болоод шууд ядаргаанд орох талтай. Тийм том газрын хажууд аргагүй манай Чүнчон жижиг суурин газар байлгүй яахав.


 Чүнчон дахь замын тэмдэг (2009 он)


Ус Агаар Сайтай шүү
     Гангвон аймаг нь аж үйлдвэр их хөгжөөгүй, газар тариалан, аялал жуулчлалаар дагнасан болно. Гангвон аймгаас Хан Гол эх авдаг тул БНСУ-ын засгийн газраас анхнаасаа аж үйлдвэрийг хөгжүүлэхгүй гэсэн бодлоготой байсан юм. Учир нь аж үйлдвэрийн бохирдол усны ундаргыг нь бохирдуулчихвал Сөүлийнхэн цэвэр уух усгүй болох билээ. Тиймдээ ч, Гангвон аймгийн байгаль үзэсгэлэнтэй хэвээрээ үлдэж амралт зугаалгын бүс нутаг болсон хэрэг. Чүнчон хот ч байгалийн үзэсгэлэнт газраар хүрээлэгдэн, агаар, ус нь харьцангуй цэвэр. Эндхийн карантны ус, Сөүлийн карантны усны амт шал өөр. Сөүлийн карантны усыг уухад шууд холормин амтагдаад муухай үнэр нь хамар нэвт сэнгэнэж байхад Чүнчонд тийм зовлон байхгүй. Гэхдээ үүгээрээ Чүнчоний Карантны усыг шууд ууж болно гэсэн үг биш. Товчхондоо, Чүнчоний карантны усны үнэр, амт нь Сөүлийнхийг бодвол арай дээр. 

 Дасгал хийж буй хүмүүс (2009 он)


Их Сургуулийн Хотхон
     Уугуул иргэдийн яриагаар бол Чүнчон хотод гурван төрлийн хүмүүс амьдардаг гэнэ. Юуны түрүүнд, төрийн албан хаагчид буюу Чүнчон хотын засаг захиргаанд ажилладаг улс. Дараагаар нь оюутнууд орох бөгөөд эцэст нь аялал жуулчлалтай холбоотой бизнес эрхэлдэг хүмүүс байдаг гэнэ. Аймгийн төв болохын тулд нарийн шалгуур давах учиртай. Түүний нэг нь тодорхой тооны  их сургуультай байх ёстой тул Гангвон Үндэсний Их Сургууль, Халлим Их Сургууль гэхчлэн байдаг. Америк багш нар маань Чүнчон хотыг АНУ-ын жижиг их сургуулийн хотхонтой адилхан гэж хошигнох дуртай. Гангвон Үндэсний Их Сургууль гэхэд кампусынхаа хэмжээгээр эхний нэг эсвэл хоёрдугаар байранд орохоор том гэсэн. Чүнчоний залуус, оюутнууд голдуу Гангвон Үндэсний Их Сургуулийн арын хаалганы гудамжинд очин зугаацдаг. Тэр гудамж улсдаа Сөжү ууж хэрэглэхээрээ тэргүүлж буй гэсэн шүү. :Р Чүнчонд тэрнээс өөр газар байхгүй болохоор арга ч үгүй биз. Харин Халлим Их Сургууль Сөүл рүү нүүх бодолтой байхад нь Чүнчон хотоос нилээд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байж үлдээсэн гэдэг. Тэрний хүчинд Халлим Их Сургууль их том номын сантай болсон юм байх. 












Халлим Их Сургуулийн Номын Сан (2009 он)



Амралтын Хот
      2010 оноос Чүнчон хотыг "Leisure City" буюу амралтын хот гэж суртачлах болсон. Ялангуяа сая 2010 оны 9 сард Экстрим Спортын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн болсон ч харамсалтай нь би үзэж чадаагүй. ㅠ.ㅠ Чүнчон хот дажгүй дугуйны замтай, дээр нь хотыг тойроод гол нуурууд орших тул усан спортоор хичээллэх боломжтой. Өвөл нь цанын баазад ихтэй тул цана чаргаар гулгаж болох ч овоо үнэтэй тул гулгасан удаа байхгүй. Сургуулийн аялалд хамрагдан завиар үнэгүй аялсан ч 10 дугаар сар байсан тул ус нь аядуухан экстрим спорт гэж хэлмээргүй байлаа. Гэхдээ завин аялал нь борооны улирлын дараа голын урсгал ширүүн болоход хамгийн аюултай байдаг бөгөөд тэр үед олон хүн аялж мөн нилээд хүн эндэж осолддог гэнэ лээ.

Чүнчоноос 1 цагийн зайтай газар очиж завиар аялсан нь (2010 он) 

Сөүлтэй улам ойртсоор л...
      2009 онд шинэ хурдны зам ашиглалтанд орсон тул Сөүл Чүнчон хоёр хотын хооронд явах улам хурдан болсон билээ. Сөүл Чүнчон хотын хооронд хот хоорондын автобус 1 цаг 10 минутын дотор явдаг болж бид хэдээ баясгасан. Тэрний урьд галт тэргээр хоёр цаг, эсвэл автобусаар 1 цаг хагас явна гэдэг ч замын бөглөрөөнд орвол 3 цаг явах нь ч бий. Бүр золтой явдал нь 2010 оны 12 сард сая шинэ метро Сөүл Чүнчон хотын ашиглалтанд орж Сөүл Чүнчон хоёрын хооронд явах 2500-хан Вон боллоо. Өчигдөр би бээр шинэ метронд суугаад сэтгэл ихэд хөдлөв. кккк (Золтой л нулимс дуслуулсангүй шүү. ROFL) Автобусанд нэг талдаа 6400 Вон төлдөгтэй харьцуулахад бараг тал мөнгөөр нь метродчиход л болж байгаа юм.

Өвлийн Хайрын Дуу
      БНСУ-ын хот бүрд Мёндун буюу Гэрэлт Гудам байдаг юм. Гэхдээ манай Чүнчоний Гэрэлт Гудмын онцлог нь Өвлийн Хайрын Дуу киноны зураг авсан газар. Нами арал ч Чүнчон хоттой нилээн ойрхон тул гол дүрийн залууг шүтэн бишрэгчид болох Япон, Хятад эмээ, өвөө нар группээр аялах нь элбэг. Нами арал Өвлийн Хайрын Дуу киноны зураг авснаас хойш алдартай болсон гэдэг юм билээ.

Дагкалби, Маггүгсү
      Чүнчоноос ирлээ гэвэл дагкалби, маггүгсүний талаар ярих хэрэг гардаг. Бараг л Чүнчоний брэнд болсон хоол гэж болно. Сөүлд Чүнчоний Дагкалби гэсэн нэртэй хоолны газрууд зөндөө байгаа. Манай багш дагкалби хаа ч ялгаагүй адилхан амттай гэхэд би Чүнчоний дагкалби хамгийн амттай хэмээн мэтгэсэн билээ. Тэр үед багш маань шоолсон байдалтай "Чи ч аргагүй л Чүнчоний хүн болж" гэж билээ. Дагкбалби маань тахианы мах, хүнсний ногоог хольж хуурсан хоол болно. Жоохон халуун ногоотой хэдий ч, янзтай амттай.  Дагкалбийн түүх их сонин. Анх Чүнчонд тахиа нядлах газар байж. Тахиа нядлах газраас тахианы махны хэрэггүй болсон хэсгүүдийг авч хүнсний ногоотой холин хууран хийж эхэлсэн гэдэг. Тэр үед хамгийн хямдхан хоол нь байсан авч одоо Чүнчоний нүүр царай болж, ер нь нилээн үнэтэй хоолныхоо тоонд орно шүү. Маггүгсү нь хүйтэн гоймон гэдэг хоолтой бараг адилхан би лав ялгааг нь сайн хэлж мэдэхгүй. Эндхийн хүмүүс нас явахаар амтны ялгааг нь мэддэг болдог гэдэг авч тэр болтол энд амьдрахгүй байх. ^^