Чүнчон хот нь БНСУ-ын эгэл жирийн хот бөлгөө. Магадгүй та бүхэн эгэл жирийн гэж юм байхгүй бүгд ямар нэгэн өөрийн гэсэн онцлогтой гэж бодож байгаа ч үнэндээ тэр онцлох зүйл нь бусадтай харьцуулбал тийм ч гайхуулахаар эд биш л дээ.
Чүнчон Интернэтэд...
Танил маань Чүнчон хотод ирэхээсээ өмнө Англи хэлээр Чүнчон хотын талаар мэдээлэл хайгаад сайн олоогүй гэж байсан юм. Интернэт дээрх мэдээллийн ихэнхи хувь Англиар байдаг гээд бодоход Монгол хэлээр уг хотын талаар мэдээлэл олох бүр үлгэр биз. Тиймээс энэхүү интернэт хэмээгч агуу их мэдээллийн баазад өөрийн энэ хотод амьдарч ирсэн туршлага, сонссон зүйлээрээ жоохон ч гэсэн хувь нэмэр оруулахаар шийдэв. Гэхдээ миний бичлэг "biased assumptions, personal opinion, hearsay" гаар дүүрэн тул үнэн эсэхийг баталж чадахгүй болно. ㅋㅋㅋ
Хаврын Гол
Чүнчон хот Солонгосоор 춘천 гэж бичиж, ханз нь 春川 билээ. Ханзийг нь үгчилж орчуулах аваас Хавар, Гол бөгөөд хар ухаанаар бодвол Хаврын Гол Хот гэж хэлж болох байлгүй дээ. Эндхийн нутгийн иргэд Чүнчонийг Солонгостоо зундаа хамгийн их халдаг, өвөлдөө хамгийн их хүйтэрдэг газар гэж ярьдаг. Тиймээс Чүнчоний иргэд Солонгостоо хамгийн биеийн эсэргүүцэл сайтай, халуун хүйтний ялгааг тэсэх чадвартай гэж хошигноцгоодог. Нарийн статистикийг мэдэхгүй ч өвөл Сөүл явчихаад ирэхэд манай Чүнчон нилээн хүйтэн юм шиг л санагддаг шүү. lol
Аймгийн Төв
Чүнчон нь Гангвон аймгийн төв юм. Хүн ам нь 300,000 давахгүй болохоор их сэлүүхэн. Ер нь Сөүлийг Улаанбаатар гээд төсөөлбөл Чүнчон нь Архангай аймгийн төв гэж хэлж болно. Сөүлийнхэн Сөүлээс гадагш бол дандаа хөдөө гэж ярьдаг ч ингэж хэлснээрээ Сөүлийнхэн хэт дэгсдүүлж байгаа хэрэг биш. Сөүл 10 сая гаран хүнтэйгээс гадна олон талт байдал (diversity) нэвтэрч буй. Өнөөгийн Англиар "Metropolitan" буюу Их хот юм. Нуулгүй хэлэхэд, Чүнчонд байж байгаад Сөүл орохоор олон хүний хөл хөдөлгөөн, дуу чимээнээс болоод шууд ядаргаанд орох талтай. Тийм том газрын хажууд аргагүй манай Чүнчон жижиг суурин газар байлгүй яахав.
Ус Агаар Сайтай шүү
Гангвон аймаг нь аж үйлдвэр их хөгжөөгүй, газар тариалан, аялал жуулчлалаар дагнасан болно. Гангвон аймгаас Хан Гол эх авдаг тул БНСУ-ын засгийн газраас анхнаасаа аж үйлдвэрийг хөгжүүлэхгүй гэсэн бодлоготой байсан юм. Учир нь аж үйлдвэрийн бохирдол усны ундаргыг нь бохирдуулчихвал Сөүлийнхэн цэвэр уух усгүй болох билээ. Тиймдээ ч, Гангвон аймгийн байгаль үзэсгэлэнтэй хэвээрээ үлдэж амралт зугаалгын бүс нутаг болсон хэрэг. Чүнчон хот ч байгалийн үзэсгэлэнт газраар хүрээлэгдэн, агаар, ус нь харьцангуй цэвэр. Эндхийн карантны ус, Сөүлийн карантны усны амт шал өөр. Сөүлийн карантны усыг уухад шууд холормин амтагдаад муухай үнэр нь хамар нэвт сэнгэнэж байхад Чүнчонд тийм зовлон байхгүй. Гэхдээ үүгээрээ Чүнчоний Карантны усыг шууд ууж болно гэсэн үг биш. Товчхондоо, Чүнчоний карантны усны үнэр, амт нь Сөүлийнхийг бодвол арай дээр.
Их Сургуулийн Хотхон
Уугуул иргэдийн яриагаар бол Чүнчон хотод гурван төрлийн хүмүүс амьдардаг гэнэ. Юуны түрүүнд, төрийн албан хаагчид буюу Чүнчон хотын засаг захиргаанд ажилладаг улс. Дараагаар нь оюутнууд орох бөгөөд эцэст нь аялал жуулчлалтай холбоотой бизнес эрхэлдэг хүмүүс байдаг гэнэ. Аймгийн төв болохын тулд нарийн шалгуур давах учиртай. Түүний нэг нь тодорхой тооны их сургуультай байх ёстой тул Гангвон Үндэсний Их Сургууль, Халлим Их Сургууль гэхчлэн байдаг. Америк багш нар маань Чүнчон хотыг АНУ-ын жижиг их сургуулийн хотхонтой адилхан гэж хошигнох дуртай. Гангвон Үндэсний Их Сургууль гэхэд кампусынхаа хэмжээгээр эхний нэг эсвэл хоёрдугаар байранд орохоор том гэсэн. Чүнчоний залуус, оюутнууд голдуу Гангвон Үндэсний Их Сургуулийн арын хаалганы гудамжинд очин зугаацдаг. Тэр гудамж улсдаа Сөжү ууж хэрэглэхээрээ тэргүүлж буй гэсэн шүү. :Р Чүнчонд тэрнээс өөр газар байхгүй болохоор арга ч үгүй биз. Харин Халлим Их Сургууль Сөүл рүү нүүх бодолтой байхад нь Чүнчон хотоос нилээд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байж үлдээсэн гэдэг. Тэрний хүчинд Халлим Их Сургууль их том номын сантай болсон юм байх.
Халлим Их Сургуулийн Номын Сан (2009 он)
Амралтын Хот
2010 оноос Чүнчон хотыг "Leisure City" буюу амралтын хот гэж суртачлах болсон. Ялангуяа сая 2010 оны 9 сард Экстрим Спортын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн болсон ч харамсалтай нь би үзэж чадаагүй. ㅠ.ㅠ Чүнчон хот дажгүй дугуйны замтай, дээр нь хотыг тойроод гол нуурууд орших тул усан спортоор хичээллэх боломжтой. Өвөл нь цанын баазад ихтэй тул цана чаргаар гулгаж болох ч овоо үнэтэй тул гулгасан удаа байхгүй. Сургуулийн аялалд хамрагдан завиар үнэгүй аялсан ч 10 дугаар сар байсан тул ус нь аядуухан экстрим спорт гэж хэлмээргүй байлаа. Гэхдээ завин аялал нь борооны улирлын дараа голын урсгал ширүүн болоход хамгийн аюултай байдаг бөгөөд тэр үед олон хүн аялж мөн нилээд хүн эндэж осолддог гэнэ лээ.
Сөүлтэй улам ойртсоор л...
2009 онд шинэ хурдны зам ашиглалтанд орсон тул Сөүл Чүнчон хоёр хотын хооронд явах улам хурдан болсон билээ. Сөүл Чүнчон хотын хооронд хот хоорондын автобус 1 цаг 10 минутын дотор явдаг болж бид хэдээ баясгасан. Тэрний урьд галт тэргээр хоёр цаг, эсвэл автобусаар 1 цаг хагас явна гэдэг ч замын бөглөрөөнд орвол 3 цаг явах нь ч бий. Бүр золтой явдал нь 2010 оны 12 сард сая шинэ метро Сөүл Чүнчон хотын ашиглалтанд орж Сөүл Чүнчон хоёрын хооронд явах 2500-хан Вон боллоо. Өчигдөр би бээр шинэ метронд суугаад сэтгэл ихэд хөдлөв. кккк (Золтой л нулимс дуслуулсангүй шүү. ROFL) Автобусанд нэг талдаа 6400 Вон төлдөгтэй харьцуулахад бараг тал мөнгөөр нь метродчиход л болж байгаа юм.
Өвлийн Хайрын Дуу
БНСУ-ын хот бүрд Мёндун буюу Гэрэлт Гудам байдаг юм. Гэхдээ манай Чүнчоний Гэрэлт Гудмын онцлог нь Өвлийн Хайрын Дуу киноны зураг авсан газар. Нами арал ч Чүнчон хоттой нилээн ойрхон тул гол дүрийн залууг шүтэн бишрэгчид болох Япон, Хятад эмээ, өвөө нар группээр аялах нь элбэг. Нами арал Өвлийн Хайрын Дуу киноны зураг авснаас хойш алдартай болсон гэдэг юм билээ.
Дагкалби, Маггүгсү
Чүнчоноос ирлээ гэвэл дагкалби, маггүгсүний талаар ярих хэрэг гардаг. Бараг л Чүнчоний брэнд болсон хоол гэж болно. Сөүлд Чүнчоний Дагкалби гэсэн нэртэй хоолны газрууд зөндөө байгаа. Манай багш дагкалби хаа ч ялгаагүй адилхан амттай гэхэд би Чүнчоний дагкалби хамгийн амттай хэмээн мэтгэсэн билээ. Тэр үед багш маань шоолсон байдалтай "Чи ч аргагүй л Чүнчоний хүн болж" гэж билээ. Дагкбалби маань тахианы мах, хүнсний ногоог хольж хуурсан хоол болно. Жоохон халуун ногоотой хэдий ч, янзтай амттай. Дагкалбийн түүх их сонин. Анх Чүнчонд тахиа нядлах газар байж. Тахиа нядлах газраас тахианы махны хэрэггүй болсон хэсгүүдийг авч хүнсний ногоотой холин хууран хийж эхэлсэн гэдэг. Тэр үед хамгийн хямдхан хоол нь байсан авч одоо Чүнчоний нүүр царай болж, ер нь нилээн үнэтэй хоолныхоо тоонд орно шүү. Маггүгсү нь хүйтэн гоймон гэдэг хоолтой бараг адилхан би лав ялгааг нь сайн хэлж мэдэхгүй. Эндхийн хүмүүс нас явахаар амтны ялгааг нь мэддэг болдог гэдэг авч тэр болтол энд амьдрахгүй байх. ^^
No comments:
Post a Comment