Wednesday, December 29, 2010

Hallym University

Хамгийн шилдэг нь?
     Монголын телевизийн сувгуудаар БНСУ-ны хамгийн шилдэг сургууль Халлим Их Сургууль гэсэн суртачилгаа явагдаж буйг сонссон юм. Гайхсан би гадаад оюутнуудыг хариуцсан даргаасаа асуутал "Мэдээж хамгийн сайн сургууль нь биш л дээ. Гэхдээ хамгийн шилдэг нь болохоор тэмүүлж буй" гэж билээ. Чүнчонд байрлах энэхүү хувийн жижиг их сургууль өөртөө хэт ахдах зорилт тавьсан гэмээр. Гэвч тус сургууль байгуулагдсанаасаа хойш 25 гаруй жилийн дотор БНСУ-ын их сургуулиудын эхний 10%-д багтаж орсон бахдам амжилт гаргажээ.

Толгод дээр Халлимийн бэлгэ тэмдэг (2009)

Анагаах Ухаан
       Халлим Их Сургууль анх Анагаах Ухааны чиглэлээр сууриа тавьсан тул одоо ч Халлимийн Анагаах Ухааны Сургууль хамгийн өрсөлдөх чадвар сайтай. Дээр нь Халлим дотроо хамгийн авьяас чадвартай оюутнууд нь Анагаах Ухааны Сургуулийнх.
     БНСУ-д Солонгосын ахлах сургуулийн оюутнууд их сургуульд элсэх шалгалт орон даяараа өгдөг. Энэ шалгалтанд авсан оноогоороо оюутнууд байр эзэлж дугаарлагдана. Энгийнээр хэлбэл, өндөр оноо авах тусам өөрийнхөө орохыг хүссэн сургуульдаа орж чадна гэсэн үг. Нийт оюутнуудаас хамгийн өндөр оноо авсан эхний 80-д оюутнууд Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны сургуульд ордог аж. Мэргэжлээсээ шалтгаалаад оюутнууд өөр өөр шалгалт өгдөг ч Анагаах Ухааны чиглэл нь хамгийн хүнд гэж тооцогддог тул Анагаах Ухааны Сургуульд орно гэдэг нэр төрийн хэрэг.
     Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийг БНСУ-ын Харвард Их Сургуулийн Анагаах Ухааны Их Сургууль гэж болох тийм өндөр нэр хүндтэй. Эмч болох хүсэлтэй оюутнууд мэдээж бүгд Сөүлд орж чадахгүй тул үлдсэн оюутнуудад удаах сургуулиудыг болох Корей Их Сургууль, Ёнсэй Их Сургуулиудад сонгодог аж. Дээгүүр жагссан оюутнууд нэр хүндээр илүү сургуульд орсоор 700-800 хавьд жагссан оюутнууд нэг юм Халлимийн Анагаах Ухааны Сургуульд орж эхэлдэг аж.
      Танил маань уг нь Халлимийн Бизнесийн сургуулийг төгсөж буй юм. Гэхдээ мань хүн ахлах сургуулиа БНСУ-ын нэр хүндтэй гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Дэүон ахлах сургуулийг (대원고) төгссөн хэдий ч Халлимд сурахаас өөр аргагүй болсон гэнэ. Эцэг эх нь найз нартай "Манай хүү Халлим Их Сургуульд орсон" гэхэд найз нар нь дандаа "Халлимийн Анагаах Ухааны Сургуульд ороо юу" гэж хариулдаг гэнэ лээ. :Р

Халлим Эмнэлэг
      Халлимийн Их Сургуулийн Анагаах Ухааны Сургууль нь хүчтэй байдгийн нэг шалтгаан нь Халлим Эмнэлэгт орж ажиллах боломжтой байдаг юм. Өөрөөр хэлбэл, ажлын байр нь ерөнхийдөө бэлэн байдаг тул амьдрал нь илүү баталгаатай. Гэхдээ Халлим Их Сургууль нь Халлим Эмнэлгийг эзэмшдэг бус, Халлим Их Сургууль, Халлим Эмнэлэг хоёулаа Илсун (일송) группийн удирдлаганд байдаг бөлгөө. Тэгэхээр Халлим Их Сургууль, Халлим Эмнэлгийг эгч дүүс гэж хэлэхэд ч буруудахгүй болов уу. Яел (Yale) төгссөн багш маань Яел төгсөгчдийн уулзалтан дээр очоод Илсун группийн захирлын зөвлөлийн гишүүнтэй танилцсан гэж ярьж билээ. ^^

Халлим Их Сургуулийн Эмнэлэг (2009)

Англи хэл
       Англи хэлний чадварыг ажилд авах шалгуурын нэг болгодог тул Солонгосчууд ер нь Англи хэл сурахын тулд үйлээ үзнэ. Ялангуяа, ажилд ороход TOEIC шалгалтын оноог чухалчилж үздэг болохоор Англи хэлийг сайтар эзэмшихээсээ илүүтэйгээр шалгалтанд өндөр оноо авахын тулд хамаг зав цагаа барна. Сүүлийн үед эцэг эхчүүл хүүхдээ бага дээр нь Анлиар ярьдаг орнуудад бага сургууль эсвэл дунд сургуульд явуулж Англи хэлийг эзэмшүүлдэг болсон. Багадаа Англи хэлийг эх нутагт сурсан хүүхдүүд эргэж ирээд Солонгост Англи хэл сурсан хүүхдүүдээс илүү гарах нь тодорхой. Зарим нь Солонгост буцаж ирээд их сургуульдаа Англи хэл дээрх хөтөлбөрт ордог тул Солонгос хэл нь сайн биш оюутнууд ч байдаг. Мэдээж тухайн хүүхдүүд Солонгосоор ярьж ойлгодог хэдий ч бичгийн Солонгос хэл, албаны Солонгос хэл мэддэггүй гэсэн үг.

Халлимийн Англи хэлний сургалт  
      Их сургуулиудад ч оюутнуудынхаа Англи хэлний чадварыг дээшлүүлэх үүднээс төрөл бүрийн хөтөлбөр санал болгодог юм. Халлимийн хувьд Англи хэлний хичээлүүдээс гадна Халлимийн Олон Улсын Дотуур Байр (HID) гэдэг хөтөлбөр байдаг. HID нь Англи хэл, Хятад хэл, Япон хэл, Орос хэлний хэсэгтэй бөгөөд оюутан нь аль нэгэн хэлний тасагт амьдрах хүсэлт гаргана. Түүний дараагаар хүсэлт гаргасан оюутнуудаас ярилцлага авч HID-д орох оюутнуудыг сонгон авах аж. Англи хэлний тасагт амьдрах болсон оюутнууд HID Англи хэлний хичээл сонсож, багаар ажиллан олон янзын асуудал Англиар хэлэлцэнэ. HID-д амьдрах болсон оюутнууд гадаад хэлээр ярих ёстой авч Солонгос оюутнууд хоорондоо Солонгосоор голдуу ярьцгаадаг билээ. Харин солилцоогоор ирсэн гадаад оюутан байх тул тэр оюутнуудтай гадаад хэлээр харилцдаг ч гадаад оюутан заримдаа хүрэлцэхгүй тохиолдол байна. Оюутнууд эхэндээ гадаад хэл сурах зорилготой HID-д орж ирэх авч улирлын явцад яаж тухайн хичээлд яаж унахгүй  тэнцэх вэ гэсэн тэмцэл болж хувирдаг билээ. ккккк Даалгавруудыг хэл суръяа гэж бус багшийн нүдийг хуурах байдалтайгаар хийж мэргэжлийн хичээлээ илүү анхаарч, нөгөө л TOEIC-доо санаа зовно.

Англи хэл дээрх хичээл
     Англи хэл дээрх хичээл гэдэг нь амьхандаа хичээл нь Анлиар заагдахыг хэлж байгаа. Энгийндээ, багш лекцээ Англиар уншиж, даалгавар, шалгалт нь ч бас Англи хэлээр байхын нэр юм. Сүүлийн үед бүх том сургуулиудад Солонгос хэлээр хичээл орохын хажуугаар Англи хэл дээрх хичээл санал болгох нь ихсэж буй билээ. Өнөөгийн байдлаар БНСУ-ын төрөлтийн түвшин дэлхийд хамгийн бага байгаагаас гадна БНСУ маань Японы ниймгийн хөгшрөлтөөс илүү хурдтайгаар хөгширч байгаа болно. Тиймээс арав хорин жилийн дотор энэ олон зуун их сургуулиуд эзэнгүйтэх аюултай байдалд байгаа хэрэг. Үүнийг давж гарахын тулд Сингапурын жишээг даган их сургуулиуд гадаадын орнуудаас оюутан татаж, боловсролын төв болох сонирхол өндөр байгаа. Халлим ч юугаараа дутах билээ, ихэнхи танхимууд нь Англи хэл дээрх хичээлүүд олгож эхэлсэн болно. Мөн дан Англи хэлээр хичээл нь ордог тэнхим хүртэл бий болоод удаагүй байна. Англи хэл дээр орж буй хичээлүүдийн чанар өндөр биш хэдий ч яваандаа сайжрах байлгүй дээ. :о

Анхааруулга: Миний бичлэг "biased assumptions, personal opinion, hearsay" гаар дүүрэн тул үнэн эсэхийг баталж чадахгүй болно.

No comments:

Post a Comment