Англиар мэтгэлцэх
Мэтгэлцээн буюу Англиар "Debate" нь их сургуулиудын хоорондох оюуны спорт гэж болохуйц оюутнуудын мэдлэг ухааныг шалгасан тэмцээн болтлоо хөгжсөн болно. Мэтгэлцээн нь парламентийн ёс жаягыг үндэс болгон дүрэм журмаа тодорхойлсон аж. Ази (Asian), Британи (British), АНУ-ын бодлогын мэтгэлцээн (Policy Debate) гэхчлэн тус тусдаа ондоо дүрэм горимтой мэтгэлцээний төрлүүд байдаг. Их Сургуулиудын Хоорондох Дэлхийн Аварга Шалгаруулах Мэтгэлцээний Тэмцээн (The World Universities Debating Championship) нь Англи хэлээрх дэлхийд хамгийн олон улс орон хамрагдсан тэмцээн болно. Энд л нөгөө нэр хүндтэй сургуулиуд болох Камбридж, Харвард, Сидниегийн Их Сургуулиуд ан мана үздэг аж. Ерөнхийлөгч Обамагийн эдийн засгийн зөвлөх Ларри Саммерс МIT-д сурж байхдаа мэтгэлцээний клубын идэвхтэй гишүүн байв.Солонгос оюутнуудын Англиар мэтгэлцэх нь
Англиар мэтгэлцэх нь БНСУ-д хурдтайгаар газар авч буй гэж хэлж болно. Гёнхи Их Сургууль, Ихуа Эмэгтэйчүүдийн Их Сургууль, Ханяан Их Сургууль тэргүүтэй их сургуулиуд Англи хэлээр мэтгэлцэх клуб байгуулснаар БНСУ-ын Англи хэлээр мэтгэлцэх түүх эхэлсэн гэдэг. 4-5 жилийн дотор БНСУ-д 10 гаран их сургууль байнгын мэтгэлцээний клубтэй болж, их сургуулийн хооронд хэд хэдэн мэтгэлцээний тэмцээн зохиогдох болсон. Ялангуяа улиралд нэг удаа БНСУ-ын Мэтгэлцээний Үндэсний Аварга Шалгаруулах тэмцээн зохиогдох болж, сонирхогч оюутан залуусын тоо өссөөр байна. Нэр хүндтэй сургуулиуд болох Сөүлийн Үндэсний Их Сургууль, Ёнсей Их Сургууль, Корей Их Сургуулиудын багууд цахиур хагалан, ерөнхийдөө Англи хэлээр мэтгэлцэх тал дээр тэргүүлж байгаа билээ. Олон улсын тэмцээнүүдэд Солонгосын их сургуулиуд тогтмол оролцохын хажуугаар Зүүн Хойд Азийн Мэтгэлцээний талбарт БНСУ давамгайлж эхэлжээ. 2010 оны Зүүн Хойд Азийн Мэтгэлцээний Нээлттэй тэмцээний (North-East Asian Debate Open 2010) шөвгийн дөрвөн баг дөрвүүлээ БНСУ-ын багууд байв.
Ахлах сургуулийнхан ч бас
БНСУ-д их сургуулийн тэмцээнээс ахлах сургуулийн сурагчдийн мэтгэлцээний тэмцээн илүү их өрсөлдөөнтэй болдог юм шиг санагддаг. БНСУ-д гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулиуд голдуу Англи хэлний мэтгэлцээний клубтэй. Манайхаар бол нөгөө Орчлон, Хобби л гэсэн үг л дээ. Солонгосын Англи хэлийг гүнзгийрүүлэн суралцаж буй сурагчдын хувьд БНСУ-ын Мэтгэлцээний Үндэсний Аварга Шалгаруулах Тэмцээн нь чухал байр суурьтай. Шалтгааныг жоохон дэгсдүүлээд хэлчихбэл тухайн сурагч Станфорд явах уу, Сөүлийн Үндэсний Их Сургуульд үлдэх үү гэдгийг шийдэх хариуцлагатай мөч юм л даа. Нэмж тайлбарлавал, үндэсний тэмцээнд түрүүлсэн гэдэг нэр хүнд нь их сургуульд ороход дөхөм болдог юм. Дээр нь гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулиуд өөрсдийн нэр хүндийг өсгөх том боломж тул сурагчдаа ч сайтар дэмжинэ. Одоогоор Дэуон (대원고), Минжуг Удирдлагын Академи (민족사관고등학교) хоёр ахлах сургууль нь Англиар мэтгэлцэхэд ноёрхож байгаа билээ. 2009 оны Жун-Ан (중앙대) Хэлний мэтгэлцээний нээлттэй тэмцээнд Минжуг Удирдлагын Академийн баг Сөүлийн Үндэсний Их Сургуулийн багийг хожсон удаа бий. Ахлах ангийн сурагчид, их сургуулийн оюутнуудыг хожсон хэрэг гарсан нь Минжуг Удирдлагын Академи ямар хэмжээнд сурагчдаа бэлтгэдэг болохыг харуулж буй билээ.
Хожих
Олимпид түрүүлэхээсээ илүүтэйгээр оролцох нь зүйтэй гэдэг уриа байдаг ч мэтгэлцээний хувьд хожил хамгийн чухаг. Мэтгэлцээн нь нэг ёсондоо өрсөлдөөнт тоглоом буюу хэд хэдэн баг хожихын тулд хоорондоо өрсөлдөж буй хэрэг билээ. Гэхдээ тусгай тогтсон дүрмийн дагуу хоорондоо өрсөлдөх учиртай. Мэтгэлцээн нь үнэнийг олохыг голчлолгүй, үнэнийг олохоос илүүтэйгээр бусдыг ятгахыг чухалчлан үзнэ. Үндсэндээ, мэтгэлцээн бол тэр чигээрээ ятгах урлаг гэдэг. Мэтгэлцээнийг хянан шүүж буй шүүгч бол дархан эрхтэй, товчхондоо бол хаан. Мэтгэлцээнд хэн хожиж, хожигдсоныг шүүн тунгаадаг тул тухайн тоглолтын хамгийн их эрх мэдэлтэй хүн болж хувирдаг.
Хожихын тулд
1. Англи хэлийг гаргууд сайтар эзэмших хэрэгтэй. Англи хэлийг гадаад хэлээр ярьдаг оюутнуудын хоорондын тэмцээн ерөнхийдөө Англи хэлний чадвараас шалтгаалан ялагч тодрох тохиолдол элбэг. Дээр нь Англи хэл эх хэл нь мэтгэлцэгчдээ өрсөлдөөд ялахын тулд хэлний чадвараа дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай. Нэртэй Солонгосын мэтгэлцэгч өөрийнхөө туршлагаас хуваалцахдаа "Хэлний бэрхшээлээс болж Австрали гэх мэт орнуудын мэтгэлцэгчид ялагдаж байсан" гэж билээ. Тухайн нэртэй Солонгосын мэтгэлцэгч маань Англи хэлийг жоохон байхдаа АНУ-д сурч эзэмшсэн болохыг дурьдах нь зүйтэй байх.
2. Өндөр хэмжээнд бэлдэх хэрэгтэй. Англи хэлний бэрхшээлгүй хүмүүс хоорондоо мэтгэлцэхэд мэдээж хэлний асуудал гарахгүй тул өөр чадварууд чухал байр суурь эзлэнэ. Мэтгэлцээний сэдэв нь санамсаргүй байдаг учраас тэмцээнд орохын өмнө сайтар бэлдэх шаардлага гардаг. Мэдээж бүх сэдвийг арван хуруу шигээ мэднэ гэж байхгүй. Түүний оронд тухайн өгөгдсөн сэдвийн дагуу өрсөлдөгчөөсөө илүү жоохон мэдэж байх юм бол тоглолтонд өөртөө давуу талыг бий болгож чадна. Гэхдээ бүгд бэлдэх тул өрсөлдөгчөөсөө илүү жоохон мэдэх үүднээс зөндөө бэлдэх хэрэг гардаг байхгүй юу. ^^ Жишээ нь, Ихуа Их Сургуулийн Мэтгэлцээний Клуб амралтын үед ч хичээлийн улиралтай адил долоо хоногт хоёр удаа уулзаж бэлтгэл хийнэ.
3. Шүүгчийг ятгах. Өрсөлдөгч хоёр баг хоёул өндөр хэлний чадвар, бэлтгэлтэй байвал хэн нь илүү шүүгчийн сэтгэл зүйд нөлөөлж чадсан нь ялалтыг өөрийн болгодог. Үнэндээ, мэтгэлцээн нь шүүгчийг ятгахыг гол зорилтоо болгодог болохоор шүүлт маань өөрөө их субьектив талдаа. Шүүгчид маань өндөр хэмжээнд бэлтгэгдэн, нарийн шалгуурын дагуу шүүсний дараагаар хожсон шалтгаануудыг тайлбарлах хэрэгтэй байдаг. Гэсэн хэдий ч, үнэхээр сайн мэтгэлцээнд аль нь илүү ятгаж чадсаныг сонгох хэрэг гарна. Өөрөөр хэлбэл, шүүгчийн итгэл үнэмшлийг хэрхэн өөрчилж чадсан бэ гэдгээс их хамаарах юм.
Анхааруулга: Миний бичлэг "biased assumptions, personal opinion, hearsay" гаар дүүрэн тул үнэн эсэхийг баталж чадахгүй болно.
No comments:
Post a Comment