Thursday, January 20, 2011

Хэл Сурах нь

     Улс орон нээлттэй болохын хэрээр гадаад хэлийг ашиглах явдал бидний амьдралын салшгүй нэг хэсэг болж хувирч байна. Өдгөө гадаад хэл нь гойд чадвар гэхээсээ илүүтэйгээр хүнд байх ёстой зайлшгүй чадвар болжээ. Европт наад зах нь нэг хүн нэг гадаад хэлээр ярьдаг гэвэл худлаа гөрсөн хэрэг лав биш. БНСУ-д Англи хэлийг сурч эзэмших сонирхол тун өндөр тул эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ гадаад хэлний чадварыг сайжруулах үүднээс маш их мөнгө зарцуулдаг билээ. Монголд ч энэхүү гадаад хэл сурах чиг хандлага өсөж буй болов уу хэмээгээд өөрийн бодлыг хуваалцав.    

Насаараа Сурна Гэв үү
     Юуны өмнө, ихэнхи хүмүүс хэлийг богино хугацаанд эрчимтэй сураад болчихно гэж эндүүрдэг. Гэвч хүн бүр хэлийг тэр байтугай эх хэлээ насан туршдаа суралцдаг. Учир юу вэ хэмээвээс хэл маань хүмүүсийн мэдлэгийн хэмжээнд хязгаарлагдах тул шинэ мэдлэг нэмэгдэх тусам, шинэ хэл сурах шаардлагатай. Энгийн жишээ дурдахад, хотод өссөн хүмүүс хөдөө очоод хэлний бэрхшээлтэй шууд тулгардаг. Хөдөөний аж амьдрал мэдэхгүй болохоор яаж ойлгох билээ. Нэг хэлээр ярих хүмүүст хүндрэл бага байвч гадаад хэлээр яривал яах бол... Тиймээс гадаад хэлийг суралцах нь нэг шөнө эсвэл дөрвөн жил их сургуульд сураад болчихдог ажил биш, урт удаан хугацааны зорилт, хөдөлмөр шаардсан няхуур хэрэг.  
     
Хэлний Чадвар
      Нөгөө талаар хэл нь дөрвөн чадвараас бүрдэх цогц бие билээ. Хэлээр дамжуулан бусдыг ойлгож, өөрийгөө илэрхийлэх бөгөөд үүний тулд ярих, унших, сонсох, бичих хэрэгтэй. Сонсох, унших нь бусдыг ойлгох чадвар, ярих, бичих нь өөрийгөө илэрхийлэх чадвар юм. Үнэндээ, аль нэгийг нь орхигдуулан, нэг чадварыг гойд сайн суралцана гэж байхгүй. Шалтгаан нь нэг нь нөгөөгөөсөө хамааралтай цогц бие тул бусадтай харьцахад аль нэгийг нь хаяна гэж байхгүй.
    
Цээжилсээр байх уу
     Гэвч гадаад хэл сурахдаа тухайн хэлээрээ эдгээр чадвараа хөгжүүлэхийн оронд, дүрэм, үг цээжлэхдээ хамаг цагаа алдах сул талтай. Гэвч дүрэм, үгийн санг хэрэггүй гэж хэлж байгаа юм биш, дүрэм, үгийн сан нь дөрвөн чадварын тулгуур багана гэж болно. Өөрөөр хэлбэл, дүрэм, үг мэдэлгүйгээр хэрхэн яаж уншиж, бичиж, ярьж, сонсмуй. Харин дүрэм, үг цээжлэсээр хэзээ ч түүнийгээ бодитойгоор ашиглахгүй бол хэлний чадвар нийтээрээ дээшлэх нь юу л бол.
     
Хэлний төвд хандвал яах бол?
      Мэдээж, оюутнууд гадаад оронд суралцахын тулд гадаад хэлний шалгалт өгч өндөр оноотой байх шаардлагатай. Суралцагч оюутнууд маань гадаад хэлний чадвараа дээшлүүлэх гэж ханддаг ч хэлний төвүүдээс хэрхэн шалгалтанд өндөр оноо авах аргыг суралцах нь элбэг. Гэхдээ шалгалтанд өндөр оноо авах нь хэлний чадварыг харуулж байгаа гэж маргаж болох ч миний санаа бол гадаад хэл сургалтын төвүүд таньд хэл сурахаас илүүтэйгээр шалгалтанд өндөр оноо авахад туслаж чадах байх.  
     
Бяцхан Зөвлөгөө
      Өмнөх цогцолборуудад хэл сурах хугацаа, хэлний чадвар, суралцагсдын гаргадаг алдаа, хэлний төвүүдийн талаар цухас дурьдлаа. Одоо таньд хэрэг болж магад гээд бяцхан суралцах зөвлөгөөг санал болгов.  
  1. Хоосон цээжлэхээс илүүтэйгээр үгийг өөриймшүүлэх буюу хэзээд ч ашиглахад бэлэн байх. Өөриймшүүлэхийн тулд цээжлэхийг үгүйсгэхгүй авч хэрэглээн дээрээс суралцсан үг амар мартагддаггүй.
  2. Өдөр бүр унш, бич, сонс, ярь, бага багаар ч хамаагүй. ӨДӨР БҮР бүү март.
  3. Өөртэйгээ хамт суралцах хүнээ ол. 7 хоногт нэг цаг хэртэй гадаад хэлээр юу хийсэн, юу уншсан талаараа ярилцах.   
  4. Хамгийн чухаг нь оролдлого үүнийг уншиж, мэдээлэл авч байгаа бол эхний алхмаа тавилаа гэж хэлж болно. Цаашид бусад хүмүүсийн туршлагыг судлан, мөн өөрөө туршиж үзэн өөрийнхөө суралцах арга барилаа олохыг ерөөе.

   

No comments:

Post a Comment