Saturday, January 22, 2011

Аяллын Тэмдэглэл

Аяллын эхэнд
      Хонг Конг, Филлипин явахаар шийдсэний дараагаар яаж явах билээ гэдэг хэцүү даалгавартай тулгарав. Олон янзын хувилбар бодож байсан ч нэг л боломжгүйгээс гадна зарим нь эрсдлийг тооцоогүй аз сорьсон замууд байлаа. Харин нэг найзаасаа стоповэр (stopover) гэх хялбар аргыг мэдэж авсны ачаар хоосон төлөвлөгөөнүүдээсээ салж бодитойгоор алхам хийх боломж гарч ирэв. Стоповер гэдгийг тайлбарлавал Инчеоноос Манила хүртэл хоёр талын билет авах авч Хонг Конг дээр трансит хийх учиртай. Эхлээд Инчеоноос Хонг Конгоор дамжин Манила орчихоод буцах замдаа Хонг Конгт билетийнхээ хүчинтэй хугацаанд үлдэж болно гэсэн үг. Ингэснээр Манила орох билет аваад Хонг Конгийг үнэгүй үзчихэж байгаа хэрэг тул санхүүгийн хувьд хэмнэлттэйгээс гадна бүх зүйл тодорхой тул сэтгэл амар аялж болно. Инчеоноос Манила ороход Хонг Конгоор дамждаг ганцхан агаарын зорчигч тээврийн байгууллага нь Китай Пасипик байсан тул даруй билетийг нь худалдаж авлаа.

Филиппинээр Аялсан Тэмдэглэл
Нэг л олон улсын онгоцны буудалтай
      Хонг Конгийн Олон Улсын Онгоцны буудал дээр Манила явах онгоцоо хүлээж суутал найзаас маань аль онгоцны буудал дээр буух билээ гэсэн и-майл ирсэн байлаа. Гайхсан би Китай Пасипикийн ажилтнаас лавлаж асуумагц урдаас “Манилад нэг л Олон Улсын Онгоцны Буудал” байдаг гэсэн хариу өглөө. Билетэн дээр ч бас “Олон Улсын Онгоцны Буудал” гэснээс өөр юм байсангүй. Хажууд байсан нэг Филиппин хүнээс асуутал урьдаас хоёр гурван буудал байдаг тухай ойлгомжгүй яриа нь намайг бүр гайхшралд оруулав. Юу ч гэсэн найз руугаа байдлыг тайлбарласан и-майл биччихээд онгоцондоо суусан билээ. Манилад оччихоод найзтайгаа уулзах гэж нилээн хөгтэй явдал болов. Онгоцны буудлаас гараад ирэхэд найз маань хүлээж байсангүй. Хамгийн түрүүнд өөр буудал руу намайг тосохоор явчихаж гэсэн бодол төрлөө. Тэр онгоцны буудал дээр нь интернэт байгаагүй ч төлбөртэй утсаар найз руу гаа ярьтал ашгүй нэг буудал дээр байгаагаа мэдэв. Найз маань гадаа хүлээж байна хурдан гараад ир гэсний дагуу гартал байсангүй. Тэр хавиар нилээн эргэлдээд олохгүй болохоор онгоц нисэхэд зориулсан хэсгээр ч явж үзсэн. Аргаа ядаад нутгийн хүнийг гуйж яриулсны үр дүнд арай гэж найзтайгаа уулзаж авав. Уг нь Манилагийн онгоцны буудал гурван давхар байж би хоёр давхараар нь гарч ирсэн бөгөөд манай найзууд доор нэг давхарт хүлээгээд байсан аж. Би харин хоёр гурван давхараар нь сандчаад найз нарыгаа хайгаад байж. Нөгөө онгоцны буудлын талаар асуутал Манилад нэг л олон улсын онгоцны буудалтай боловч гурван өөр зогсоол буюу терминалтай болж таарав. Китай Пасипикийн ажилтан надад ямар ч байсан худлаа яриагүй л юм байна. Нэг л “Олон Улсын Онгоцны Буудалтай” юм даа.

 Хүйтэн байна аа?
     Пилиппинд хоёр улиралтай нь нэг нь хуурай, нөгөөх нь борооных. Жуулчид хуурай улиралд их олноор очих бөгөөд 1 сард хуурай улирал нь байв. Нартай байхад их халуун ч оройдоо салхи гарч сэрүүвтэр болоход Филиппин найзууд маань хүйтэн байна гээд байсан нь миний инээдийг хүргэж байлаа. Миний хувьд Монголын зуныг санагдуулам урин дулаан цаг агаар байхад хүйтэн байна гээд байхаар инээхээс ч өөр яах юм. Монголд цас орж заримдаа хасах 40 хэм хүрдэг гэхээр Филиппинчүүдийн ой тоонд буухгүй байгаа нь илт. Надад ч ялгаагүй Филиппиний хүйтэн биш халуун улирлыг нь төсөөлөхэд бэрх байлаа. БНСУ-ын зуны халуунд халууцаад миний бие унтаж чадахгүй тарчилдаг билээ. Гэхдээ Филиппинд зуныг өнгөрөөсөн Солонгосчууд БНСУ-аас харьцуулахад хамаагүй халуун гээд байдаг болохоор би юу хэлэх билээ. Хоёр эсрэг тэсрэг нутгийн хүмүүст нэг нөгөөгийнхөө цаг агаарыг ойлгоход тун хэцүү байсандаг.

Коконатийн Мод 2010 он

 Филиппиний Их Сургуулийн Кампус 2010 он

Манила...
    Манилад Филиппиний хамгийн баян эсвэл хамгийн ядуу хүмүүс амьдардаг гэж хэлэх нь үнэн бололтой. Манила хот гэж байх болов ч Манила Их Хот (Metropolitan) буюу дагуул хотуудаа оруулан тоолох аваас нийтдээ 12 сая хүн амьдардаг аж. Филиппин улс 90 сая гаран хүн амтай том зах зээл тул дэлхийн бүх л том бренд компаниуд байлаа. Англиар “Mall” гэх том том дэлгүүрүүд дүүрэн, дэлгүүр хэсэх дуртай хүмүүст бол бүх зүйл бэлэн. Бизнесийн төв нь ч өндөр өндөр барилгатай, мөн бизнэсийн төвдөө зугаа цэнгэлийн газар зөндөө байх нь Сөүлийн Каннамтай адил. Харамсалтай нь Манила хотын нөгөө зах руу нь явбал Энэтхэгийг санагдуулам “Slumdog Millionaire” кинон дээр гардаг шиг ядуусын хороололтой. Ядуу хүмүүс зөндөө тул энэ хотод гэмт хэрэг тасардаггүй. Нийтийн тээврийн хэрэгсэлд суухдаа цүнхээ урдаа барьж хармааны хулгайчаас сэргийлэн, шөнө таксид ганцаараа суухдаа таксиний дугаарыг нь гэр бүл, найз руугаа мессежээр илгээх нь ердийн үзэгдэл. Манилад амьдралын өртөг нь Сөүлтэй харьцуулахад их хямдхан талдаа. Ядуу хүмүүсээ өлсгөөд үхүүлэхчихгүйн тулд идэх уух юм, нийтийн тээврээ хямдхан байлгадаг бололтой.

Хотын Захын Дүүрэг 2010 он
Жипни - Нийтийн Тээврийн Хэрэгсэл 2010 он
 Азийн Малл 2010 он

Филиппинчууд өөрсдийнхөө талаар...
     БНСУ-ын Филиппинтэй харьцуулахад олсон амжилт нь дундаж давхарга нь хамаагүй их юм уу даа гэсэн бодол байв. Нутгийн хүмүүсийн яриагаар бол төр засгийн удирдлага нь улс орныхоо хөгжлийг золиос болгон өөрсдөө баяждаг тул энгийн хүмүүсийн амьдрал нь дээшилдэггүй гэнэ. Манилад яваад үзэхэд баян, ядуугийн ялгаа туйлдаа хүрсэн газар болох нь тодорхой. Иимэрхүү ядуу байдлыг нутгийн хүмүүс Филиппинчүүд эх орон ч үзэл багатайн гай гэж байхад нөгөө талаар Филиппин хүмүүс юу ч болж байсан тоохгүй тэсвэрлэдэг гэж тайлбарлаж байх юм. Солонгосчууд Филиппинд очоод “Танай Филиппин улс их үзэсгэлэнтэй юм гэхдээ та нарын асуудал эх орноо хайрладаггүйд байна” гэж шоолдог гэнэ шүү. Эдийн засгийн хоцронгуй байдлыг эх оронч үзэл, тэсвэрлэх чадвар зэрэгтэй холбон тайлбарлавал хэт өрөөсгөл болох хэдий ч нутгийн хүмүүсийн бодлыг хуваалцсан нь энэ бөлгөө.  

Католик шашинтай
    Филиппин Азийн хамгийн том Христийн шашинтай улс. Тэр тусмаа хүн амын 90 дээш хувь нь Католик шашинтай болно. 300 гаран жил Испаний дарлалд байхад Испаничууд амжилттайгаар Филиппинчуудыг Католик шашинд урвуулсан аж. Одоо ч гэсэн Католик шашин улс төрийн бодлогод хүчтэйгээр нөлөөлдөг байна. Ялангуяа, Филиппиний төрөөс хүн амын өсөлтөө тогтоон барих бодлого явуулах гэж оролдох боловч түүнийг нь Католик хийдээс эрс эсэргүүцдэг тул хэрэгжүүлж чадахгүй байгаа гэнэ. Жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл, арга техник нь Католик шашинтанд томоохон нүгэл тул төрөөс хэрхэн хөхүүлэн дэмжих билээ. Гэхдээ Лонели Планет номонд бичсэнээр Филиппин хүмүүс араар тавих гэхчлэн нүгэл ихэд үйлддэг гэнэ шүү. Ум Мани Бадми Хум. Манила хотын төвд явж байтал зам бөглөрөөд алхахаас өөр аргагүй болов. Жоохон явж байтал хүмүүс Католик шашны “Хар Назерана” гэх баяраа тэмдэглээд хотын төвд том бөглөрөө үүсгэсэн байлаа.
 Хар Назерана Баяр 2010 он
Манила Катедрал 2010 он

Боловсрол мөнгөөр л ...
      19 дүгээр зууны сүүлээр Испани, АНУ хоорондоо дайтаад Испани ялагдсан тул Филиппинийг АНУ-д зарсан аж.  АНУ орж ирсэнээр Филиппинд дэд бүтэц, улс төрийн тогтолцоо, боловсролын системийг авчирсан гэнэ. Өдгөө Филиппинд бага ангиас нь зарим хичээл нь Англиар орж эхэлдэг юм байна. Филиппиний хамгийн шилдэг, нэр хүндтэй сургууль болох Филиппиний Их Сургуульд бүх хичээл нь Англиар ордог. Филиппиний Их Сургууль улсын сургууль тул сургалтын төлбөр нь хямдхан ч тухайн сургуульд орох шалгалтын хүнд давааг давна. Филиппиндээ БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургууль гэж бараг ойлгож болох юм шиг. Гэхдээ тухайн сургуулийн оюутнууд голдуу хувийн ахлах сургууль, дунд сургуульд сурч байгаад хамгийн шилдэг сургуульдаа ордог хандлага ажиглагдсан. Ингэж хэлснээр хэтрүүлж, дэгсдүүлж буй хэрэг огт биш. Шалтгаан нь улсын дунд шатны боловсрол олгох сургуулиуд нь маш их олон хүүхэдтэй, зарим газраа нэг ангид 90 хүүхэд хүрэх ч тохиолдол байдаг гэнэ. Ийм сургалтын орчинд эцэг эхчүүд мэдээж хүүхдээ хувийн сургуульд оруулж сайн боловсрол олгохыг зорих нь дамжиггүй. Үүнээс үзэхэд боловсрол нь мөнгөтэй хүмүүс л хүртээлтэй эрхэм зүйл мэт. БНСУ-д ч эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд хичнээн их мөнгө зардаг нь сонин. Гооглэдээд үз.

(UST) Санто Томасийн Их Сургууль - Азийн анхны их сургууль (2010 он) 

Хэн Хамгийн Их Мөнгөтэй вэ?
      Хятадууд эртнээс Филиппиний арлуудтай худалдаа наймаа хийдэг байж. Бүр яваандаа Хятад хүмүүс Филиппинд суурьших болж өндөр ашиг орлоготой худалдаа наймааг эрхлэх болжээ. Өнөөдөр ч Филиппинд бизнесийг нь Хятад гаралтай Филиппин хүмүүс гартаа атгасан гэх юм билээ. Филиппинд Жоолибий гэгч нутгийн түргэн хоолны сүлжээ дошин дээрээ дэлхий дахинд ялгуусан Макдоналдсийг унагасан түүхтэй. Тэрхүү алдарт Жоолибийгийн эзэн нь мөн л Хятад гаралтай нөхөр. Жоолибийгийн дараагаар Хятад түргэн хоолны сүлжээ болох Чоукинг нээсэн байв. Гэхдээ Филиппинд олон үндэстэн ястан холилдон байдаг аж. Хэн цэвэр Филиппин хүн гэж хэлэхэд хэцүү. Олон арлаас бүтсэний дээр Испани, Хятад, Араб гэхчлэн харийнхан ирж суурьшин нутгийн хүмүүстэй холилдсон гэнэ. Түүн дотроос Испани, Хятад гаралтай Филиппин хүмүүс нь хөрөнгө мөнгөтэй болж таараад байх шиг байгаа юм.     
 Жоолибий 2010 он

Хонг Конгоор Аялсан Тэмдэглэл
Мөнгөний үүд
      Замын үүд хот гэж Монголоос Хятад орох боомт газар буй. Үүн шиг Хонг Конг нь Эх Газрын Хятад руу орох Мөнгөний үүд гэлтэй. Хонг Конгод олон жилийн турш Их Британийн дор банк санхүүгийн систем сайтар хөгжиж ирсэний үр дүнд өнөөдөр Хонг Конгоор хамаг л Хятад руу орох хөрөнгө оруулалт дамжиж буй мэт сэтгэгдэл төрүүллээ. Хонг Конгийн арал дээр өндөр өндөр цамхагууд ярайсан нь бүгд л санхүү, банкны барилгууд. Барууны хүмүүс ч банк санхүүгийн төвд л олноор харагдах боловч өөр дэлгүүр хоршоогоор бараг байхгүй. Энэ газар л нөгөө тэрбум тэрбумаар яригдах хөрөнгө оруулалтын шийдвэрүүд гардаг байхдаа гэсэн миний гэнэн бодол лав оргүй зүйл лав бишээ. Гэхдээ сүүлийн үед Шанхайгийн өсөлт хөгжилт нь Хонг Конгчуудын санааг багагүй зовоож буй аж. Учир нь Хятад дахь санхүү банкны төв гэх байр сууриа Шанхайд алдчихна гэж эмээж буй хэрэг.
 Хонг Конгийн Арал 2010 он

Эх Газрын эзлэн булаагчид
     Хонг Конгийг Эх Газрын Хятадад эргүүлж өгөөд 10 гаран жил болоход өөрчлөгдсөн зүйл бараг байхгүй гэж хүмүүс хэлэх юм. Дээр суух эзэн ноён солигдсоноос амьдрал хэвэндээ үргэлжилсээр. Гэвч нүдэнд дэндүү илүү ил гэмээр нэг өөрчлөлт гэх юм бол Эх Газраас ирэх Хятадын жуулчид, зорчигчид. Шинээр баяжсан Хятад хүмүүс Хонг Конгт ирж дэлгүүр хэсэн, дэлхийд алдартай бренд бүтэгдэхүүнүүдийг худалдан авдаг юм байна. Бараг л Хонг Конгийн аялал жуулчлалын ихэнх орлогыг Эх Газрын Хятадууд бүрдүүлж байгаа бололтой. Гэвч эдгээр Бээжин аялга буюу Мандиринаар ярьсан жуулчдад нутгийн уугуул иргэд тун дургүй. Манай Хонг Конгийн Эх Газрын Хятадууд “бохирдуулж” байгаа гэж ярих юм. Гэхдээ л Хятадууд Хонг Конгт маш их мөнгө авчирч буй тул наашаа харж инээн, цаашаа харж уйлна гэдгийн үлгэр болж байгаа гэлтэй. Хонг Конгууд Британийн ноёрхолд байсан тул Англи хэлийг багаасаа сурдаг. Хятадууд эрх мэдлийг гартаа авсаны хойно Бээжин аялгыг мөн албан ёсоор дунд шатны боловсролд нэвтрүүлсэн байна. Манай танил уг нь их сургуульдаа Англиар хичээл сонсдог байсан авч ажил дээрээ гарсан хойно Англи хэлээ ерөөсөө хэрэглэсэнгүй гэж гомдоллож билээ. Эх Газрын Хятадаас захиалга дандаа авдаг тул Мандаринаар байнга ярьдаг гэсэн. Миний бие Хонг Конг, Эх Газрын Хятадын хоорондын Шэнжэний гаалиар гарахад  Хонг Конгоос гадна Эх Газрын Хятадын дугаартай чамин Европ машинууд зөндөө гаалиар гарч байх юм. Нөгөө л Мэрсэдэс Бэнж, Аудио, Волсвагэн гэхчлэн үнэтэй брэндүүд шүү дээ.
 HSBC Төв Байр 2010 он

Дахин төрвөл Японд төрөх юмсан
      Хорин жилийн өмнө Хонг Конг оюутнаас дахин төрөх боломж гарвал аль улсад төрөх вэ гэж асуухад голдуу Япон гэж хариулдаг байж. Япон даган дуурайх үзэгдэл одоо ч амьд хэвээр авч Хятад хэмээх бахархал улам нэмэгдэж буй гэж найз маань тайлбарлаж билээ. Хонг Конгт Япон хоолны газар алдартайгаас гадна залуучууд нь өөрсдийгөө Япон стилээр хувцасладаг гэх юм. Лонели Планет номон дээр бичсэнээр бол 1980 оны сүүлээр гэхэд Хонг Конг нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ Азид Японы л хойно хоёр дугаар байранд явж байсан байна. Манай найзын Профессорын хэлснээр бол өдгөө Хонг Конг хөгжлөөрөө Японы хойно 20 жилээр хоцорч яваа гэнэ. Харин Эх Газрын Хятад Хонг Конгоос мөн 20 жилийн хойно яваа аж.

Макау: Монгол хүн
    Хонг Конгоос нэг өдөр гялс Макауг үзэхээр ухасхийлээ. Гэвч Макау дээр очоод эвгүй байдалд оров. Гааль дээр Монгол хүн гэснээ шууд л “Хамгаалалтын Алба” руу нь дагуулаад ордог юм даа. Тэнд миний пасспортыг бүгдийг нь канондаж аван дуудаж уулзлаа. Миний уур ч хүрэх шиг, дургүй ч хүрэх шиг. Хэрэв Макау намайг оруулахгүй л гэх юм бол, ямар нэгэн тайлбар өгөх үндэсгүй билээ. Өөрийн нутаг дэвсгэрт гадны хүнийг оруулах, оруулахгүйг шийдэх нь тухайн улсын эрх учир намайг оруулахгүй л гэвэл үнэндээ би яаж ч чадахгүй болно. Намайг хэсэг харж байснаа чи биедээ хэр их мөнгө авч яваа вэ гэж асуув. Би ч байсан бүх мөнгөө л үзүүллээ. Үүний дараагаар би “Sir, is there any problem?” гэж асуутал миний пасспортыг буцааж өгөөд саадгүй Макау руу орууллаа.
Хонг Конгоос Макау Явах Усан Онгоц 2010 он

Казино
     Макауд намайг явж байтал бүх үйлчилгээ үзүүлж байсан хүмүүс Мандаринаар ярих гэж оролдож байв. Намайг Эх Газраас ирсэн Хятад л гэж бодсон бололтой. Аргагүй л Хонг Конг шиг Эх Газрын Хятадууд дүүрэн газар байлаа. Бүр Эх Газрын Хятадууд олноор Макауд очин мөрийтэй тоглоод байхаар нь Хятадын засгийн газраас квотоо тогтоосон гэнэ шүү. Казинод оронгуут Эх Газрын Хятадууд л сууж байх юм билээ. Олон Казинотай тул Казиногууд бусдаасаа ялгаран үйлчлүүлэгч татахын тулд янз бүрийн энтэртэйнмэнт санал болгоно. Найзын маань санал болгосон “Шити оф Дримс”-ийн 3Д үзүүлбэр тун их сэтгэлд хүрэв. 10 минутын хугацаанд дижитал лууны ертөнцөөр аялна л гэсэн үг дээ. Үнэгүй тул очоод үзчихэд буруудахгүй болов уу. Макауд Казиногийн автобусууд үнэгүй явах болохоор нэг газраас нөгөө газар очиход бараг л мөнгө зарах хэрэггүй. Автобусаа хайж олоод суухад л болно. 
Казино дотор 2010 он

Гуанжау хот
     2010 оны Азийн Тогтолтоос болоод Гуанжау хот ер нь их цэвэрхэн болсон аж. Хонг Конгоос хүн амаар хамаагүй их боловч Хонг Конг Гуанжаугийн хажууд бол жинхэнэ Олон Улсын Хот. Гуанжаугийн метроны тэмдэг тэмдэглэгээ нь Хонг Конгтой яг адилхан байв. Сүүлд учрыг найзаасаа сонстол Хонг Конгийн метроны компани Гуанжаугийн метрог барьсан гэнэ. Сүүлийн үед Гуанжауд юмны үнэ өсөөд, хүмүүс мөнгөө банкинд хадгалахын оронд үл хөдлөх хөрөнгө худалдаж авч байгаа гэж байна лээ. Түүнийгээ дагаад ч үл хөдлөх хөрөнгийн үнэ бас өсөж буй гэсэн. Гуанжау Хонг Конгтой харьцуулбал бараа бүтэгдэхүүн, хоол хүнс нь арай хямдхан ч үл хөдлөх хөрөнгийг нь харьцуулбал Хонг Конгийнх тэнгэрт хадсан гэнэ шүү. Хятадад төрсөн сэтгэгдлээ хуваалцвал Хонг Конг хүмүүсийн хажууд Гуанжаугийн хүмүүс хоцрогдсон загварынх шиг санагдав. Хувцасны загвар, бие авч яваа байдал гэхчлэн. Хүн богино хугацаанд мөнгөтэй болж болох авч, тэр хүмүүсийн ааш авир, бие авч явах соёл удаан хугацаанд өөрчлөгддөг гэлтэй.
 Шэнжэнээс Гуанжау Орох Галт Тэрэг 2010 он  

Thursday, January 20, 2011

Хэл Сурах нь

     Улс орон нээлттэй болохын хэрээр гадаад хэлийг ашиглах явдал бидний амьдралын салшгүй нэг хэсэг болж хувирч байна. Өдгөө гадаад хэл нь гойд чадвар гэхээсээ илүүтэйгээр хүнд байх ёстой зайлшгүй чадвар болжээ. Европт наад зах нь нэг хүн нэг гадаад хэлээр ярьдаг гэвэл худлаа гөрсөн хэрэг лав биш. БНСУ-д Англи хэлийг сурч эзэмших сонирхол тун өндөр тул эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ гадаад хэлний чадварыг сайжруулах үүднээс маш их мөнгө зарцуулдаг билээ. Монголд ч энэхүү гадаад хэл сурах чиг хандлага өсөж буй болов уу хэмээгээд өөрийн бодлыг хуваалцав.    

Насаараа Сурна Гэв үү
     Юуны өмнө, ихэнхи хүмүүс хэлийг богино хугацаанд эрчимтэй сураад болчихно гэж эндүүрдэг. Гэвч хүн бүр хэлийг тэр байтугай эх хэлээ насан туршдаа суралцдаг. Учир юу вэ хэмээвээс хэл маань хүмүүсийн мэдлэгийн хэмжээнд хязгаарлагдах тул шинэ мэдлэг нэмэгдэх тусам, шинэ хэл сурах шаардлагатай. Энгийн жишээ дурдахад, хотод өссөн хүмүүс хөдөө очоод хэлний бэрхшээлтэй шууд тулгардаг. Хөдөөний аж амьдрал мэдэхгүй болохоор яаж ойлгох билээ. Нэг хэлээр ярих хүмүүст хүндрэл бага байвч гадаад хэлээр яривал яах бол... Тиймээс гадаад хэлийг суралцах нь нэг шөнө эсвэл дөрвөн жил их сургуульд сураад болчихдог ажил биш, урт удаан хугацааны зорилт, хөдөлмөр шаардсан няхуур хэрэг.  
     
Хэлний Чадвар
      Нөгөө талаар хэл нь дөрвөн чадвараас бүрдэх цогц бие билээ. Хэлээр дамжуулан бусдыг ойлгож, өөрийгөө илэрхийлэх бөгөөд үүний тулд ярих, унших, сонсох, бичих хэрэгтэй. Сонсох, унших нь бусдыг ойлгох чадвар, ярих, бичих нь өөрийгөө илэрхийлэх чадвар юм. Үнэндээ, аль нэгийг нь орхигдуулан, нэг чадварыг гойд сайн суралцана гэж байхгүй. Шалтгаан нь нэг нь нөгөөгөөсөө хамааралтай цогц бие тул бусадтай харьцахад аль нэгийг нь хаяна гэж байхгүй.
    
Цээжилсээр байх уу
     Гэвч гадаад хэл сурахдаа тухайн хэлээрээ эдгээр чадвараа хөгжүүлэхийн оронд, дүрэм, үг цээжлэхдээ хамаг цагаа алдах сул талтай. Гэвч дүрэм, үгийн санг хэрэггүй гэж хэлж байгаа юм биш, дүрэм, үгийн сан нь дөрвөн чадварын тулгуур багана гэж болно. Өөрөөр хэлбэл, дүрэм, үг мэдэлгүйгээр хэрхэн яаж уншиж, бичиж, ярьж, сонсмуй. Харин дүрэм, үг цээжлэсээр хэзээ ч түүнийгээ бодитойгоор ашиглахгүй бол хэлний чадвар нийтээрээ дээшлэх нь юу л бол.
     
Хэлний төвд хандвал яах бол?
      Мэдээж, оюутнууд гадаад оронд суралцахын тулд гадаад хэлний шалгалт өгч өндөр оноотой байх шаардлагатай. Суралцагч оюутнууд маань гадаад хэлний чадвараа дээшлүүлэх гэж ханддаг ч хэлний төвүүдээс хэрхэн шалгалтанд өндөр оноо авах аргыг суралцах нь элбэг. Гэхдээ шалгалтанд өндөр оноо авах нь хэлний чадварыг харуулж байгаа гэж маргаж болох ч миний санаа бол гадаад хэл сургалтын төвүүд таньд хэл сурахаас илүүтэйгээр шалгалтанд өндөр оноо авахад туслаж чадах байх.  
     
Бяцхан Зөвлөгөө
      Өмнөх цогцолборуудад хэл сурах хугацаа, хэлний чадвар, суралцагсдын гаргадаг алдаа, хэлний төвүүдийн талаар цухас дурьдлаа. Одоо таньд хэрэг болж магад гээд бяцхан суралцах зөвлөгөөг санал болгов.  
  1. Хоосон цээжлэхээс илүүтэйгээр үгийг өөриймшүүлэх буюу хэзээд ч ашиглахад бэлэн байх. Өөриймшүүлэхийн тулд цээжлэхийг үгүйсгэхгүй авч хэрэглээн дээрээс суралцсан үг амар мартагддаггүй.
  2. Өдөр бүр унш, бич, сонс, ярь, бага багаар ч хамаагүй. ӨДӨР БҮР бүү март.
  3. Өөртэйгээ хамт суралцах хүнээ ол. 7 хоногт нэг цаг хэртэй гадаад хэлээр юу хийсэн, юу уншсан талаараа ярилцах.   
  4. Хамгийн чухаг нь оролдлого үүнийг уншиж, мэдээлэл авч байгаа бол эхний алхмаа тавилаа гэж хэлж болно. Цаашид бусад хүмүүсийн туршлагыг судлан, мөн өөрөө туршиж үзэн өөрийнхөө суралцах арга барилаа олохыг ерөөе.

   

Sunday, January 2, 2011

Мэтгэлцээн: English Language Debate in South Korea

Англиар мэтгэлцэх
     Мэтгэлцээн буюу Англиар "Debate" нь их сургуулиудын хоорондох оюуны спорт гэж болохуйц оюутнуудын мэдлэг ухааныг шалгасан тэмцээн болтлоо хөгжсөн болно. Мэтгэлцээн нь парламентийн ёс жаягыг үндэс болгон дүрэм журмаа тодорхойлсон аж. Ази (Asian), Британи (British), АНУ-ын бодлогын мэтгэлцээн (Policy Debate) гэхчлэн тус тусдаа ондоо дүрэм горимтой мэтгэлцээний төрлүүд байдаг. Их Сургуулиудын Хоорондох Дэлхийн Аварга Шалгаруулах Мэтгэлцээний Тэмцээн (The World Universities Debating Championship) нь Англи хэлээрх дэлхийд хамгийн олон улс орон хамрагдсан тэмцээн болно. Энд л нөгөө нэр хүндтэй сургуулиуд болох Камбридж, Харвард, Сидниегийн Их Сургуулиуд ан мана үздэг аж. Ерөнхийлөгч Обамагийн эдийн засгийн зөвлөх Ларри Саммерс МIT-д сурж байхдаа мэтгэлцээний клубын идэвхтэй гишүүн байв.

Солонгос оюутнуудын Англиар мэтгэлцэх нь
     Англиар мэтгэлцэх нь БНСУ-д хурдтайгаар газар авч буй гэж хэлж болно. Гёнхи Их Сургууль, Ихуа Эмэгтэйчүүдийн Их Сургууль, Ханяан Их Сургууль тэргүүтэй их сургуулиуд Англи хэлээр мэтгэлцэх клуб байгуулснаар БНСУ-ын Англи хэлээр мэтгэлцэх түүх эхэлсэн гэдэг. 4-5 жилийн дотор БНСУ-д 10 гаран их сургууль байнгын мэтгэлцээний клубтэй болж, их сургуулийн хооронд хэд хэдэн мэтгэлцээний тэмцээн зохиогдох болсон. Ялангуяа улиралд нэг удаа БНСУ-ын Мэтгэлцээний Үндэсний Аварга Шалгаруулах тэмцээн зохиогдох болж, сонирхогч оюутан залуусын тоо өссөөр байна. Нэр хүндтэй сургуулиуд болох Сөүлийн Үндэсний Их Сургууль, Ёнсей Их Сургууль, Корей Их Сургуулиудын багууд цахиур хагалан, ерөнхийдөө Англи хэлээр мэтгэлцэх тал дээр тэргүүлж байгаа билээ. Олон улсын тэмцээнүүдэд Солонгосын их сургуулиуд тогтмол оролцохын хажуугаар Зүүн Хойд Азийн Мэтгэлцээний талбарт БНСУ давамгайлж эхэлжээ. 2010 оны Зүүн Хойд Азийн Мэтгэлцээний Нээлттэй тэмцээний (North-East Asian Debate Open 2010) шөвгийн дөрвөн баг дөрвүүлээ БНСУ-ын багууд байв.

Ахлах сургуулийнхан ч бас
     БНСУ-д их сургуулийн тэмцээнээс ахлах сургуулийн сурагчдийн мэтгэлцээний тэмцээн илүү их өрсөлдөөнтэй болдог юм шиг санагддаг. БНСУ-д гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулиуд голдуу Англи хэлний мэтгэлцээний клубтэй. Манайхаар бол нөгөө Орчлон, Хобби л гэсэн үг л дээ. Солонгосын Англи хэлийг гүнзгийрүүлэн суралцаж буй сурагчдын хувьд БНСУ-ын Мэтгэлцээний Үндэсний Аварга Шалгаруулах Тэмцээн нь чухал байр суурьтай. Шалтгааныг жоохон дэгсдүүлээд хэлчихбэл тухайн сурагч Станфорд явах уу, Сөүлийн Үндэсний Их Сургуульд үлдэх үү гэдгийг шийдэх хариуцлагатай мөч юм л даа. Нэмж тайлбарлавал, үндэсний тэмцээнд түрүүлсэн гэдэг нэр хүнд нь их сургуульд ороход дөхөм болдог юм. Дээр нь гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулиуд өөрсдийн нэр хүндийг өсгөх том боломж тул сурагчдаа ч сайтар дэмжинэ. Одоогоор  Дэуон (대원고), Минжуг Удирдлагын Академи (민족사관고등학교) хоёр ахлах сургууль нь Англиар мэтгэлцэхэд ноёрхож байгаа билээ. 2009 оны Жун-Ан (중앙대) Хэлний мэтгэлцээний нээлттэй тэмцээнд Минжуг Удирдлагын Академийн баг Сөүлийн Үндэсний Их Сургуулийн багийг хожсон удаа бий. Ахлах ангийн сурагчид, их сургуулийн оюутнуудыг хожсон хэрэг гарсан нь Минжуг Удирдлагын Академи ямар хэмжээнд сурагчдаа бэлтгэдэг болохыг харуулж буй билээ.

Хожих 
     Олимпид түрүүлэхээсээ илүүтэйгээр оролцох нь зүйтэй гэдэг уриа байдаг ч мэтгэлцээний хувьд хожил хамгийн чухаг. Мэтгэлцээн нь нэг ёсондоо өрсөлдөөнт тоглоом буюу хэд хэдэн баг хожихын тулд хоорондоо өрсөлдөж буй хэрэг билээ. Гэхдээ тусгай тогтсон дүрмийн дагуу хоорондоо өрсөлдөх учиртай. Мэтгэлцээн нь үнэнийг олохыг голчлолгүй, үнэнийг олохоос илүүтэйгээр бусдыг ятгахыг чухалчлан үзнэ. Үндсэндээ, мэтгэлцээн бол тэр чигээрээ ятгах урлаг гэдэг. Мэтгэлцээнийг хянан шүүж буй шүүгч бол дархан эрхтэй, товчхондоо бол хаан. Мэтгэлцээнд хэн хожиж, хожигдсоныг шүүн тунгаадаг тул тухайн тоглолтын хамгийн их эрх мэдэлтэй хүн болж хувирдаг.  

Хожихын тулд
1. Англи хэлийг гаргууд сайтар эзэмших хэрэгтэй. Англи хэлийг гадаад хэлээр ярьдаг оюутнуудын хоорондын тэмцээн ерөнхийдөө Англи хэлний чадвараас шалтгаалан ялагч тодрох тохиолдол элбэг. Дээр нь Англи хэл эх хэл нь мэтгэлцэгчдээ өрсөлдөөд ялахын тулд хэлний чадвараа дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай. Нэртэй Солонгосын мэтгэлцэгч өөрийнхөө туршлагаас хуваалцахдаа "Хэлний бэрхшээлээс болж Австрали гэх мэт орнуудын мэтгэлцэгчид ялагдаж байсан" гэж билээ. Тухайн нэртэй Солонгосын мэтгэлцэгч маань Англи хэлийг жоохон байхдаа АНУ-д сурч эзэмшсэн болохыг дурьдах нь зүйтэй байх.  

2. Өндөр хэмжээнд бэлдэх хэрэгтэй. Англи хэлний бэрхшээлгүй хүмүүс хоорондоо мэтгэлцэхэд  мэдээж хэлний асуудал гарахгүй тул өөр чадварууд чухал байр суурь эзлэнэ. Мэтгэлцээний сэдэв нь санамсаргүй байдаг учраас тэмцээнд орохын өмнө сайтар бэлдэх шаардлага гардаг. Мэдээж бүх сэдвийг арван хуруу шигээ мэднэ гэж байхгүй. Түүний оронд тухайн өгөгдсөн сэдвийн дагуу өрсөлдөгчөөсөө илүү жоохон мэдэж байх юм бол тоглолтонд өөртөө давуу талыг бий болгож чадна. Гэхдээ бүгд бэлдэх тул өрсөлдөгчөөсөө илүү жоохон мэдэх үүднээс зөндөө бэлдэх хэрэг гардаг байхгүй юу. ^^ Жишээ нь, Ихуа Их Сургуулийн Мэтгэлцээний Клуб амралтын үед ч хичээлийн улиралтай адил долоо хоногт хоёр удаа уулзаж бэлтгэл хийнэ.

3. Шүүгчийг ятгах. Өрсөлдөгч хоёр баг хоёул өндөр хэлний чадвар, бэлтгэлтэй байвал хэн нь илүү шүүгчийн сэтгэл зүйд нөлөөлж чадсан нь ялалтыг өөрийн болгодог. Үнэндээ, мэтгэлцээн нь шүүгчийг ятгахыг гол зорилтоо болгодог болохоор шүүлт маань өөрөө их субьектив талдаа. Шүүгчид маань өндөр хэмжээнд бэлтгэгдэн, нарийн шалгуурын дагуу шүүсний дараагаар хожсон шалтгаануудыг тайлбарлах хэрэгтэй байдаг. Гэсэн хэдий ч, үнэхээр сайн мэтгэлцээнд аль нь илүү ятгаж чадсаныг сонгох хэрэг гарна. Өөрөөр хэлбэл, шүүгчийн итгэл үнэмшлийг хэрхэн өөрчилж чадсан бэ гэдгээс их хамаарах юм.

Анхааруулга: Миний бичлэг "biased assumptions, personal opinion, hearsay" гаар дүүрэн тул үнэн эсэхийг баталж чадахгүй болно.