Аяллын эхэнд
Хонг Конг, Филлипин явахаар шийдсэний дараагаар яаж явах билээ гэдэг хэцүү даалгавартай тулгарав. Олон янзын хувилбар бодож байсан ч нэг л боломжгүйгээс гадна зарим нь эрсдлийг тооцоогүй аз сорьсон замууд байлаа. Харин нэг найзаасаа стоповэр (stopover) гэх хялбар аргыг мэдэж авсны ачаар хоосон төлөвлөгөөнүүдээсээ салж бодитойгоор алхам хийх боломж гарч ирэв. Стоповер гэдгийг тайлбарлавал Инчеоноос Манила хүртэл хоёр талын билет авах авч Хонг Конг дээр трансит хийх учиртай. Эхлээд Инчеоноос Хонг Конгоор дамжин Манила орчихоод буцах замдаа Хонг Конгт билетийнхээ хүчинтэй хугацаанд үлдэж болно гэсэн үг. Ингэснээр Манила орох билет аваад Хонг Конгийг үнэгүй үзчихэж байгаа хэрэг тул санхүүгийн хувьд хэмнэлттэйгээс гадна бүх зүйл тодорхой тул сэтгэл амар аялж болно. Инчеоноос Манила ороход Хонг Конгоор дамждаг ганцхан агаарын зорчигч тээврийн байгууллага нь Китай Пасипик байсан тул даруй билетийг нь худалдаж авлаа.
Филиппинээр Аялсан Тэмдэглэл
Нэг л олон улсын онгоцны буудалтай
Хонг Конгийн Олон Улсын Онгоцны буудал дээр Манила явах онгоцоо хүлээж суутал найзаас маань аль онгоцны буудал дээр буух билээ гэсэн и-майл ирсэн байлаа. Гайхсан би Китай Пасипикийн ажилтнаас лавлаж асуумагц урдаас “Манилад нэг л Олон Улсын Онгоцны Буудал” байдаг гэсэн хариу өглөө. Билетэн дээр ч бас “Олон Улсын Онгоцны Буудал” гэснээс өөр юм байсангүй. Хажууд байсан нэг Филиппин хүнээс асуутал урьдаас хоёр гурван буудал байдаг тухай ойлгомжгүй яриа нь намайг бүр гайхшралд оруулав. Юу ч гэсэн найз руугаа байдлыг тайлбарласан и-майл биччихээд онгоцондоо суусан билээ. Манилад оччихоод найзтайгаа уулзах гэж нилээн хөгтэй явдал болов. Онгоцны буудлаас гараад ирэхэд найз маань хүлээж байсангүй. Хамгийн түрүүнд өөр буудал руу намайг тосохоор явчихаж гэсэн бодол төрлөө. Тэр онгоцны буудал дээр нь интернэт байгаагүй ч төлбөртэй утсаар найз руу гаа ярьтал ашгүй нэг буудал дээр байгаагаа мэдэв. Найз маань гадаа хүлээж байна хурдан гараад ир гэсний дагуу гартал байсангүй. Тэр хавиар нилээн эргэлдээд олохгүй болохоор онгоц нисэхэд зориулсан хэсгээр ч явж үзсэн. Аргаа ядаад нутгийн хүнийг гуйж яриулсны үр дүнд арай гэж найзтайгаа уулзаж авав. Уг нь Манилагийн онгоцны буудал гурван давхар байж би хоёр давхараар нь гарч ирсэн бөгөөд манай найзууд доор нэг давхарт хүлээгээд байсан аж. Би харин хоёр гурван давхараар нь сандчаад найз нарыгаа хайгаад байж. Нөгөө онгоцны буудлын талаар асуутал Манилад нэг л олон улсын онгоцны буудалтай боловч гурван өөр зогсоол буюу терминалтай болж таарав. Китай Пасипикийн ажилтан надад ямар ч байсан худлаа яриагүй л юм байна. Нэг л “Олон Улсын Онгоцны Буудалтай” юм даа.
Хүйтэн байна аа?
Пилиппинд хоёр улиралтай нь нэг нь хуурай, нөгөөх нь борооных. Жуулчид хуурай улиралд их олноор очих бөгөөд 1 сард хуурай улирал нь байв. Нартай байхад их халуун ч оройдоо салхи гарч сэрүүвтэр болоход Филиппин найзууд маань хүйтэн байна гээд байсан нь миний инээдийг хүргэж байлаа. Миний хувьд Монголын зуныг санагдуулам урин дулаан цаг агаар байхад хүйтэн байна гээд байхаар инээхээс ч өөр яах юм. Монголд цас орж заримдаа хасах 40 хэм хүрдэг гэхээр Филиппинчүүдийн ой тоонд буухгүй байгаа нь илт. Надад ч ялгаагүй Филиппиний хүйтэн биш халуун улирлыг нь төсөөлөхэд бэрх байлаа. БНСУ-ын зуны халуунд халууцаад миний бие унтаж чадахгүй тарчилдаг билээ. Гэхдээ Филиппинд зуныг өнгөрөөсөн Солонгосчууд БНСУ-аас харьцуулахад хамаагүй халуун гээд байдаг болохоор би юу хэлэх билээ. Хоёр эсрэг тэсрэг нутгийн хүмүүст нэг нөгөөгийнхөө цаг агаарыг ойлгоход тун хэцүү байсандаг.
Коконатийн Мод 2010 он
Манила...
Манилад Филиппиний хамгийн баян эсвэл хамгийн ядуу хүмүүс амьдардаг гэж хэлэх нь үнэн бололтой. Манила хот гэж байх болов ч Манила Их Хот (Metropolitan) буюу дагуул хотуудаа оруулан тоолох аваас нийтдээ 12 сая хүн амьдардаг аж. Филиппин улс 90 сая гаран хүн амтай том зах зээл тул дэлхийн бүх л том бренд компаниуд байлаа. Англиар “Mall” гэх том том дэлгүүрүүд дүүрэн, дэлгүүр хэсэх дуртай хүмүүст бол бүх зүйл бэлэн. Бизнесийн төв нь ч өндөр өндөр барилгатай, мөн бизнэсийн төвдөө зугаа цэнгэлийн газар зөндөө байх нь Сөүлийн Каннамтай адил. Харамсалтай нь Манила хотын нөгөө зах руу нь явбал Энэтхэгийг санагдуулам “Slumdog Millionaire” кинон дээр гардаг шиг ядуусын хороололтой. Ядуу хүмүүс зөндөө тул энэ хотод гэмт хэрэг тасардаггүй. Нийтийн тээврийн хэрэгсэлд суухдаа цүнхээ урдаа барьж хармааны хулгайчаас сэргийлэн, шөнө таксид ганцаараа суухдаа таксиний дугаарыг нь гэр бүл, найз руугаа мессежээр илгээх нь ердийн үзэгдэл. Манилад амьдралын өртөг нь Сөүлтэй харьцуулахад их хямдхан талдаа. Ядуу хүмүүсээ өлсгөөд үхүүлэхчихгүйн тулд идэх уух юм, нийтийн тээврээ хямдхан байлгадаг бололтой.
Хотын Захын Дүүрэг 2010 он
Жипни - Нийтийн Тээврийн Хэрэгсэл 2010 он
Филиппинчууд өөрсдийнхөө талаар...
БНСУ-ын Филиппинтэй харьцуулахад олсон амжилт нь дундаж давхарга нь хамаагүй их юм уу даа гэсэн бодол байв. Нутгийн хүмүүсийн яриагаар бол төр засгийн удирдлага нь улс орныхоо хөгжлийг золиос болгон өөрсдөө баяждаг тул энгийн хүмүүсийн амьдрал нь дээшилдэггүй гэнэ. Манилад яваад үзэхэд баян, ядуугийн ялгаа туйлдаа хүрсэн газар болох нь тодорхой. Иимэрхүү ядуу байдлыг нутгийн хүмүүс Филиппинчүүд эх орон ч үзэл багатайн гай гэж байхад нөгөө талаар Филиппин хүмүүс юу ч болж байсан тоохгүй тэсвэрлэдэг гэж тайлбарлаж байх юм. Солонгосчууд Филиппинд очоод “Танай Филиппин улс их үзэсгэлэнтэй юм гэхдээ та нарын асуудал эх орноо хайрладаггүйд байна” гэж шоолдог гэнэ шүү. Эдийн засгийн хоцронгуй байдлыг эх оронч үзэл, тэсвэрлэх чадвар зэрэгтэй холбон тайлбарлавал хэт өрөөсгөл болох хэдий ч нутгийн хүмүүсийн бодлыг хуваалцсан нь энэ бөлгөө.
Католик шашинтай
Филиппин Азийн хамгийн том Христийн шашинтай улс. Тэр тусмаа хүн амын 90 дээш хувь нь Католик шашинтай болно. 300 гаран жил Испаний дарлалд байхад Испаничууд амжилттайгаар Филиппинчуудыг Католик шашинд урвуулсан аж. Одоо ч гэсэн Католик шашин улс төрийн бодлогод хүчтэйгээр нөлөөлдөг байна. Ялангуяа, Филиппиний төрөөс хүн амын өсөлтөө тогтоон барих бодлого явуулах гэж оролдох боловч түүнийг нь Католик хийдээс эрс эсэргүүцдэг тул хэрэгжүүлж чадахгүй байгаа гэнэ. Жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл, арга техник нь Католик шашинтанд томоохон нүгэл тул төрөөс хэрхэн хөхүүлэн дэмжих билээ. Гэхдээ Лонели Планет номонд бичсэнээр Филиппин хүмүүс араар тавих гэхчлэн нүгэл ихэд үйлддэг гэнэ шүү. Ум Мани Бадми Хум. Манила хотын төвд явж байтал зам бөглөрөөд алхахаас өөр аргагүй болов. Жоохон явж байтал хүмүүс Католик шашны “Хар Назерана” гэх баяраа тэмдэглээд хотын төвд том бөглөрөө үүсгэсэн байлаа.
Манила Катедрал 2010 он
Боловсрол мөнгөөр л ...
19 дүгээр зууны сүүлээр Испани, АНУ хоорондоо дайтаад Испани ялагдсан тул Филиппинийг АНУ-д зарсан аж. АНУ орж ирсэнээр Филиппинд дэд бүтэц, улс төрийн тогтолцоо, боловсролын системийг авчирсан гэнэ. Өдгөө Филиппинд бага ангиас нь зарим хичээл нь Англиар орж эхэлдэг юм байна. Филиппиний хамгийн шилдэг, нэр хүндтэй сургууль болох Филиппиний Их Сургуульд бүх хичээл нь Англиар ордог. Филиппиний Их Сургууль улсын сургууль тул сургалтын төлбөр нь хямдхан ч тухайн сургуульд орох шалгалтын хүнд давааг давна. Филиппиндээ БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургууль гэж бараг ойлгож болох юм шиг. Гэхдээ тухайн сургуулийн оюутнууд голдуу хувийн ахлах сургууль, дунд сургуульд сурч байгаад хамгийн шилдэг сургуульдаа ордог хандлага ажиглагдсан. Ингэж хэлснээр хэтрүүлж, дэгсдүүлж буй хэрэг огт биш. Шалтгаан нь улсын дунд шатны боловсрол олгох сургуулиуд нь маш их олон хүүхэдтэй, зарим газраа нэг ангид 90 хүүхэд хүрэх ч тохиолдол байдаг гэнэ. Ийм сургалтын орчинд эцэг эхчүүд мэдээж хүүхдээ хувийн сургуульд оруулж сайн боловсрол олгохыг зорих нь дамжиггүй. Үүнээс үзэхэд боловсрол нь мөнгөтэй хүмүүс л хүртээлтэй эрхэм зүйл мэт. БНСУ-д ч эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд хичнээн их мөнгө зардаг нь сонин. Гооглэдээд үз.
(UST) Санто Томасийн Их Сургууль - Азийн анхны их сургууль (2010 он)
Хэн Хамгийн Их Мөнгөтэй вэ?
Хятадууд эртнээс Филиппиний арлуудтай худалдаа наймаа хийдэг байж. Бүр яваандаа Хятад хүмүүс Филиппинд суурьших болж өндөр ашиг орлоготой худалдаа наймааг эрхлэх болжээ. Өнөөдөр ч Филиппинд бизнесийг нь Хятад гаралтай Филиппин хүмүүс гартаа атгасан гэх юм билээ. Филиппинд Жоолибий гэгч нутгийн түргэн хоолны сүлжээ дошин дээрээ дэлхий дахинд ялгуусан Макдоналдсийг унагасан түүхтэй. Тэрхүү алдарт Жоолибийгийн эзэн нь мөн л Хятад гаралтай нөхөр. Жоолибийгийн дараагаар Хятад түргэн хоолны сүлжээ болох Чоукинг нээсэн байв. Гэхдээ Филиппинд олон үндэстэн ястан холилдон байдаг аж. Хэн цэвэр Филиппин хүн гэж хэлэхэд хэцүү. Олон арлаас бүтсэний дээр Испани, Хятад, Араб гэхчлэн харийнхан ирж суурьшин нутгийн хүмүүстэй холилдсон гэнэ. Түүн дотроос Испани, Хятад гаралтай Филиппин хүмүүс нь хөрөнгө мөнгөтэй болж таараад байх шиг байгаа юм.
Хонг Конгоор Аялсан Тэмдэглэл
Мөнгөний үүд
Замын үүд хот гэж Монголоос Хятад орох боомт газар буй. Үүн шиг Хонг Конг нь Эх Газрын Хятад руу орох Мөнгөний үүд гэлтэй. Хонг Конгод олон жилийн турш Их Британийн дор банк санхүүгийн систем сайтар хөгжиж ирсэний үр дүнд өнөөдөр Хонг Конгоор хамаг л Хятад руу орох хөрөнгө оруулалт дамжиж буй мэт сэтгэгдэл төрүүллээ. Хонг Конгийн арал дээр өндөр өндөр цамхагууд ярайсан нь бүгд л санхүү, банкны барилгууд. Барууны хүмүүс ч банк санхүүгийн төвд л олноор харагдах боловч өөр дэлгүүр хоршоогоор бараг байхгүй. Энэ газар л нөгөө тэрбум тэрбумаар яригдах хөрөнгө оруулалтын шийдвэрүүд гардаг байхдаа гэсэн миний гэнэн бодол лав оргүй зүйл лав бишээ. Гэхдээ сүүлийн үед Шанхайгийн өсөлт хөгжилт нь Хонг Конгчуудын санааг багагүй зовоож буй аж. Учир нь Хятад дахь санхүү банкны төв гэх байр сууриа Шанхайд алдчихна гэж эмээж буй хэрэг.
Эх Газрын эзлэн булаагчид
Хонг Конгийг Эх Газрын Хятадад эргүүлж өгөөд 10 гаран жил болоход өөрчлөгдсөн зүйл бараг байхгүй гэж хүмүүс хэлэх юм. Дээр суух эзэн ноён солигдсоноос амьдрал хэвэндээ үргэлжилсээр. Гэвч нүдэнд дэндүү илүү ил гэмээр нэг өөрчлөлт гэх юм бол Эх Газраас ирэх Хятадын жуулчид, зорчигчид. Шинээр баяжсан Хятад хүмүүс Хонг Конгт ирж дэлгүүр хэсэн, дэлхийд алдартай бренд бүтэгдэхүүнүүдийг худалдан авдаг юм байна. Бараг л Хонг Конгийн аялал жуулчлалын ихэнх орлогыг Эх Газрын Хятадууд бүрдүүлж байгаа бололтой. Гэвч эдгээр Бээжин аялга буюу Мандиринаар ярьсан жуулчдад нутгийн уугуул иргэд тун дургүй. Манай Хонг Конгийн Эх Газрын Хятадууд “бохирдуулж” байгаа гэж ярих юм. Гэхдээ л Хятадууд Хонг Конгт маш их мөнгө авчирч буй тул наашаа харж инээн, цаашаа харж уйлна гэдгийн үлгэр болж байгаа гэлтэй. Хонг Конгууд Британийн ноёрхолд байсан тул Англи хэлийг багаасаа сурдаг. Хятадууд эрх мэдлийг гартаа авсаны хойно Бээжин аялгыг мөн албан ёсоор дунд шатны боловсролд нэвтрүүлсэн байна. Манай танил уг нь их сургуульдаа Англиар хичээл сонсдог байсан авч ажил дээрээ гарсан хойно Англи хэлээ ерөөсөө хэрэглэсэнгүй гэж гомдоллож билээ. Эх Газрын Хятадаас захиалга дандаа авдаг тул Мандаринаар байнга ярьдаг гэсэн. Миний бие Хонг Конг, Эх Газрын Хятадын хоорондын Шэнжэний гаалиар гарахад Хонг Конгоос гадна Эх Газрын Хятадын дугаартай чамин Европ машинууд зөндөө гаалиар гарч байх юм. Нөгөө л Мэрсэдэс Бэнж, Аудио, Волсвагэн гэхчлэн үнэтэй брэндүүд шүү дээ.
Дахин төрвөл Японд төрөх юмсан
Хорин жилийн өмнө Хонг Конг оюутнаас дахин төрөх боломж гарвал аль улсад төрөх вэ гэж асуухад голдуу Япон гэж хариулдаг байж. Япон даган дуурайх үзэгдэл одоо ч амьд хэвээр авч Хятад хэмээх бахархал улам нэмэгдэж буй гэж найз маань тайлбарлаж билээ. Хонг Конгт Япон хоолны газар алдартайгаас гадна залуучууд нь өөрсдийгөө Япон стилээр хувцасладаг гэх юм. Лонели Планет номон дээр бичсэнээр бол 1980 оны сүүлээр гэхэд Хонг Конг нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ Азид Японы л хойно хоёр дугаар байранд явж байсан байна. Манай найзын Профессорын хэлснээр бол өдгөө Хонг Конг хөгжлөөрөө Японы хойно 20 жилээр хоцорч яваа гэнэ. Харин Эх Газрын Хятад Хонг Конгоос мөн 20 жилийн хойно яваа аж.
Макау: Монгол хүн
Хонг Конгоос нэг өдөр гялс Макауг үзэхээр ухасхийлээ. Гэвч Макау дээр очоод эвгүй байдалд оров. Гааль дээр Монгол хүн гэснээ шууд л “Хамгаалалтын Алба” руу нь дагуулаад ордог юм даа. Тэнд миний пасспортыг бүгдийг нь канондаж аван дуудаж уулзлаа. Миний уур ч хүрэх шиг, дургүй ч хүрэх шиг. Хэрэв Макау намайг оруулахгүй л гэх юм бол, ямар нэгэн тайлбар өгөх үндэсгүй билээ. Өөрийн нутаг дэвсгэрт гадны хүнийг оруулах, оруулахгүйг шийдэх нь тухайн улсын эрх учир намайг оруулахгүй л гэвэл үнэндээ би яаж ч чадахгүй болно. Намайг хэсэг харж байснаа чи биедээ хэр их мөнгө авч яваа вэ гэж асуув. Би ч байсан бүх мөнгөө л үзүүллээ. Үүний дараагаар би “Sir, is there any problem?” гэж асуутал миний пасспортыг буцааж өгөөд саадгүй Макау руу орууллаа.
Хонг Конгоос Макау Явах Усан Онгоц 2010 он
Казино
Макауд намайг явж байтал бүх үйлчилгээ үзүүлж байсан хүмүүс Мандаринаар ярих гэж оролдож байв. Намайг Эх Газраас ирсэн Хятад л гэж бодсон бололтой. Аргагүй л Хонг Конг шиг Эх Газрын Хятадууд дүүрэн газар байлаа. Бүр Эх Газрын Хятадууд олноор Макауд очин мөрийтэй тоглоод байхаар нь Хятадын засгийн газраас квотоо тогтоосон гэнэ шүү. Казинод оронгуут Эх Газрын Хятадууд л сууж байх юм билээ. Олон Казинотай тул Казиногууд бусдаасаа ялгаран үйлчлүүлэгч татахын тулд янз бүрийн энтэртэйнмэнт санал болгоно. Найзын маань санал болгосон “Шити оф Дримс”-ийн 3Д үзүүлбэр тун их сэтгэлд хүрэв. 10 минутын хугацаанд дижитал лууны ертөнцөөр аялна л гэсэн үг дээ. Үнэгүй тул очоод үзчихэд буруудахгүй болов уу. Макауд Казиногийн автобусууд үнэгүй явах болохоор нэг газраас нөгөө газар очиход бараг л мөнгө зарах хэрэггүй. Автобусаа хайж олоод суухад л болно.
Казино дотор 2010 он
Гуанжау хот
2010 оны Азийн Тогтолтоос болоод Гуанжау хот ер нь их цэвэрхэн болсон аж. Хонг Конгоос хүн амаар хамаагүй их боловч Хонг Конг Гуанжаугийн хажууд бол жинхэнэ Олон Улсын Хот. Гуанжаугийн метроны тэмдэг тэмдэглэгээ нь Хонг Конгтой яг адилхан байв. Сүүлд учрыг найзаасаа сонстол Хонг Конгийн метроны компани Гуанжаугийн метрог барьсан гэнэ. Сүүлийн үед Гуанжауд юмны үнэ өсөөд, хүмүүс мөнгөө банкинд хадгалахын оронд үл хөдлөх хөрөнгө худалдаж авч байгаа гэж байна лээ. Түүнийгээ дагаад ч үл хөдлөх хөрөнгийн үнэ бас өсөж буй гэсэн. Гуанжау Хонг Конгтой харьцуулбал бараа бүтэгдэхүүн, хоол хүнс нь арай хямдхан ч үл хөдлөх хөрөнгийг нь харьцуулбал Хонг Конгийнх тэнгэрт хадсан гэнэ шүү. Хятадад төрсөн сэтгэгдлээ хуваалцвал Хонг Конг хүмүүсийн хажууд Гуанжаугийн хүмүүс хоцрогдсон загварынх шиг санагдав. Хувцасны загвар, бие авч яваа байдал гэхчлэн. Хүн богино хугацаанд мөнгөтэй болж болох авч, тэр хүмүүсийн ааш авир, бие авч явах соёл удаан хугацаанд өөрчлөгддөг гэлтэй.